Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХОТЫН УЛС ТӨР буюу хорхойтсон баавгайны үлгэр

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Монголчууд ажилгүй, санаачилгагүй хүнд дургүй. Гэвч үнэндээ ажил хийх гэсэн хүнд бүр ч дургүй бололтой. Энэ нь манайхны шинэ зүйлд хойрго, хөшүүн  сэтгэхүйтэй холбоотой байж мэдэх ч сонгууль угтсан улстөржилт дээрээс нь нэмэгдчихээр гал дээр тос нэмэхтэй адил авалцах юм. Хашаа хороогоо засъя, гудамж талбайгаа өөд татъя, хогоо цэвэрлье, хотоо соёлжуулъя гэсэн хүн болгоныг “Сонгууль ойртсон учраас хэнхэглэж  байна” гэж хардаж сэрдэх юм бол хэн ер нь энэ улсад ажил хийх юм бол. 

“Нийтийн тээврээ сайжруул, хэддүгээр зуун бэ” гэж нийслэлийн иргэд, оршин суугчид шахаж шаарддаг. Автобусны парк шинэчлэлийг хийе гэхээр “Гадаадаас автобус оруулж ирэх гэлээ” гэж олон нийтийн сүлжээгээр анаж байгаад гөвнө. Монгол инженерүүд хэдий мундаг ч гэлээ 2021 он гэхэд шаардлагатай байгаа 600 гаруй автобусыг бүгдийг нь үйлдвэрлэж чадах бил үү гэдэг бодох л асуудал. Цахилгаан соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр гэх мэт шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх тухай ярингуут “Монголд наадах чинь тохирохгүй” гэж эхлээд зориуд үгүйсгэсэн, зориуд харлуулсан шалтгаанууд цаашаа хөвөрч өгнө.  

Замын түгжрэлийг шийдэх гээд хотын төвийг А, B, С бүсчлэлд хувааж, автомашинуудыг зорчуулах тухай асуудал хөндөгдөнгүүт “Хүний эрхэнд халдах гэлээ” хэмээн баалсаар болиулсан хүмүүс өнөөдөр түгжрэл дунд өөрийнхөө ч, өрөөлийн ч эрх ашгийг юуны төлөө золигт гаргаснаа эс ухан гэлдэрч яваа биз. Үнэндээ дэлгэцийн цаанаас ямар ч ажлыг баруун солгойгүй муулж, баалж, гөвж суудаг хэдхэн “хөлсний тролл”-уудын турхиралтаар олон түмний эрх ашиг ганхаж байдаг болсон нь нууц биш.    

Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг хувийн эзэмшлээс буцаан авч, тохижуулах ажил өнгөрсөн жилээс улбаатай боловч ямар ч төрлийн  “хэрүүлийн алимнууд” өдийд л ургаж төлждөг цаг учраас ажлыг нь хийлгэхгүй “уяаны ноход” боргоож эхлэв. Цар тахлын улмаас цаг үе амаргүй байгаа ч нэгэнт төлөвлөснийхөө дагуу Монгол Улсын нийслэл хотын төв талбайн урдах цэцэрлэг ногоон байгууламжийг хүүхэд, хөгшид, залуус, хосууд жилийн дөрвөн улирлын турш зорьж очоод амарч тухалдаг тохилог орчин бүрдүүлчихье гэсэн сэтгэл, зүтгэл хотын удирдлагад байна. “Хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад өөрсдөд дээрээ гал дуудаад яах вэ, жанжин Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг хогийн цэг байна уу, архичдын орогнодог үүр болно уу хэнд хамаатай юм” гээд орхичихвол болох л байсан. Гэхдээ тэгсэнгүй. Их хотын ажил, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж буй нь энэ. 

“Улаанбаатарын утааг 30-50 хувь бууруулна гэдэг ёстой үлгэр шүү” хэмээн тэдний ажлыг болохгүй, бүтэхгүй гэж харлуулсан болгон нь болоод бүтээд, үр дүн нь гараад байгаа учраас улстөрийн сонор сэрэмж идэвхэжсэн энэ үед “Бас нэг том оноо авах ажил хийчих вий” хэмээн олон хүн үнхэлцгээ хагартал айж, хорхойтсон баавгай шиг сандчиж буй нь юухнаас ч илэрхий. Гэвч сонгууль бол сонгууль л болохоос өдөр тутмын амь амьдрал биш гэдгийг түмэн олон ойлгохтойгоо болсон нь зол юм даа.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616152
5 эможи
keyboard_arrow_up