Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно

2020 оны 5 сарын 12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гараг бүр олон нийтэд цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалтай харилцаатай зарим хотуудтай цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй талаар мэдээлэл туршлага солилцож байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсад халдварын тохиолдол илэрээгүй ч эрсдэл гарсан тохиолдолд хариу арга хэмжээг хэрхэн авч ажиллах талаарх дадлага сургуулилтыг улсын хэмжээнд 3000 төрийн албан хаагчдыг оролцуулан зохион байгуулсан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд бүрэн хөл хорио тогтоож ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байгаа. Дэгдэлт тархсан үед эмнэлгийн ачаалал тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхийг нягталж хээрийн болон түр эмнэлгийг дэлгэж сургуулилт хийсэн. Энэ хүрээнд  Яармагт байрлах нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид энэ эмнэлэг эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах болно” хэмээв.

Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргах гэж байна

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. УИХ болон Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэр гарсан бөгөөд одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк бусад холбогдох байгууллагууд НЗДТГ-тай хамтран нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бичиг баримт бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийг дахин төлөвлөлтөд оруулах ажил эхлүүлсэн ч зарим ажил амжилттай хэрэгжсэн, зарим нь иргэдийг хохироосон. Тиймээс айлуудыг орон сууцанд түрээслээд өмчлөх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3000 орчим айл орон сууцандаа орсон, орох шатандаа явж байна. Мөн гэр хорооллын газрыг орон сууцаар сольж байна. Хоёрдугаарт, нэг айл орон сууцанд орвол нэг яндан бууна гэдэг зарчмаар төслийг хэрэгжүүлж байна. Иргэд маань барьцаа төлөхгүйгээр санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцанд орохыг хүсч байна. НОСК-ыг байгуулж, илүү олон иргэнийг богино хугацаанд оруулах ажлыг хийнэ.

Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд тал бүрийн ач холбогдолтой. Барилгын компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болно. Улаанбаатар хотын хэмжээнд  өнөөдөр 17 мянга 888 орон сууц баригдсан, мөн баригдаж байна. Үүнээс түлхүүр нь бэлэн 4078 орон сууц байгаа. Энэхүү эргэлтэд орж чадахгүй 4078 орон сууцны асуудлыг дээрх аргаар шийдвэрлэснээр хаа, хаанаа харилцан үр ашигтай тусна. Иргэд орон сууцтай, дотоодын барилгын компаниудын үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэх ач холбогдолтой байгаа. Иймээс тавдугаар сард ажлыг эхлүүлнэ. Иргэдийн хувьд тодорхой шалгуураар үе шаттайгаар орон сууцтай болно” гэв.

Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барина

Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн ажлууд шат шатандаа үргэлжилж байна. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний  ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг  нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ. Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх хүсэлтүүд ирсэн учраас Таван шар – Саппоро, Саппоро – Баянбүрд, МУБИС – Зүүн 4 зам,  Зүүн 4 зам – Офицеруудын ордон,  Яармагийн гүүр – Маршалын гүүр - Зайсангийн гүүр – Скай Ресорт - Баянзүрхийн товчоо - Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам баригдах юм байна. Төв зам дагуу, автомашины замаас ангид, аюулгүй байдлыг хангасан стандартын шаардлага хангасан дугуйн зам баригдаж байгаа гэдгийг дурдлаа. Жишээ нь, Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болж, үлдсэн ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийнэ хэмээсэн юм.

Модны суулгац, судалгаа, үрсэлгээний төвийг байгууллаа

Нийслэлийн ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн нэгдсэн үйлчилгээг сайжруулах зорилгоор Модны суулгац, судалгаа үрсэлгээний төвийг байгуулсан байна. Ингэснээр сургалт, судалгаа хийх боломжтой төвтэй болж байгаа аж. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хавар бүр сурагчид, оюутнууд сургуулиа төгсөж, хонхны баяраа хийдэг. Ёслол баяраа тэмдэглэхдээ илүү үр бүтээлтэй, байгаль орчинд ээлтэй тэмдэглэдэг болгохын тулд төгсөлтийн баяраараа мод суулгадаг зориулалтын талбай гаргаж өгөхөөр болсон. Есөн дүүргийн боловсролын газарт мод суулгац тарих, танхимаас гадуур байгаль экологийн боловсрол олгодог байх боломжийг Гачууртын минж нутагшуулах төвийн ойролцоо, Чингэлтэй,  Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн чиглэлд гаргаж өгөхөөр болсон” хэмээлээ.

Мөн Улаанбаатар хотын хуурайшилтыг багасгах, саарал ус, далан сувгийг дагасан шар усыг ашиглах замаар хөвд нуур байгуулах ажлыг эрчимтэй эхлүүлжээ. Энэ хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүд 1884 га талбайд суулгац үрсэлгээ, төрөл бүрийн ургамал ногоон байгууламжийн ажлыг хийж, нуур хөвд байгуулах боломжтой болжээ. Гэхдээ нэг наст бус олон наст ургамалыг тарж суулгах юм байна. Мод тарих сонирхолтой иргэд аж ахуйн нэгжүүд хүсэлтээ ирүүлсний дагуу газар гаргаж өгөх болно гэдгийг хотын Захирагч онцоллоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616995
0 эможи
keyboard_arrow_up