“Баянмонгол“ хорооллын замд 3 байршилд буцаж эргэхийг хориглов
Нийслэлд богино зайнд автомашин буцаж эргэх эргэлт олон байгаа нь замын хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсэх нөхцөл бий болж байна. Ийм эргэлтүүд ялангуяа орон сууцны хороололд дунд болон орчим байгаа судалгааг ТЦА гаргаж зохицуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газарт ханджээ.
Тодруулбал, Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1.5 км, нэг чигийн хөдөлгөөнт замд гэхэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байгааг тогтоожээ. Тиймээс дээрх замын 3 байршилд буцаж эргэх хэсгийг хаагаад байна. Зүүн эргэхийн тулд 2 талын хөдөлгөөнийг зогсоож автозамын зохиомол түгжрэлийг үүсгэж буй учраас ийнхүү 3 байршилд эргэж буцах гарцыг хаасан талаар Баянзүрх дүүргийн ТЦА-ны дэд хурандаа Д.Сүхбат мэдээллээ.
“Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон. Хүннүгийн гудамж нарийнхан учраас буцаж эргэх хөдөлгөөн бүрт автозамын түгжрэл үүсдэг. Тиймээс хөдөлгөөнийг саадгүй зорчуулах үүднээс холбогдох албаныхан судалгаа хийж, буцаж эргэх хэсгийг хаасан" гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Өнөржаргал хэллээ.
Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц гаргаж, нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд орон сууцны хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах ажлыг ийнхүү хийж байна.