ЗӨРЧИЛ: Согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоожээ
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ үеэр согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоолоо.
Тус шалгалтын хүрээнд дараах зөрчил дутагдал илэрсэн байна. Үүнд:
БЗД-ийн 13 дугаар хороо Санрайс /Sunrise/ зочид буудалд хамтарсан шалгалт хийхэд 2 иргэнд Соёрхол нэрийн 3 шил архи /задалсан/, Сэнгүр нэршлийн 4 лааз пиво худалдан борлуулж байсныг хураан авч, үйл ажиллагааг зогсоолоо.
Мөн дүүргийн 18 дугаар хороонд байрлах Их цагаан даваа ХХК-ийн Цэнгүүн зочид буудалд хяналт шалгалт хийхэд 1 өрөөнд 4 иргэн архидан согтуурч байсныг журамлан буудлын үйл ажиллагааг зогсоосон.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байгаа юм.
Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг аж ахуйн нэгж байгууллагад цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|