Өчигдөр Баянгол дүүрэгт найман тонн нөөцийн мах борлуулжээ
Улсын Онцгой комиссоос байгуулсан Хүнсний хангамжийн Шуурхай штаб өчигдрөөс эхлэн нийслэлийн 15 цэгт нөөцийн мах худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өчигдөр II хороо, KFC төвийн баруун тал болон 12 хороо, 6 дугаар бичил хорооллын “Баянтахилт төв”-ийн талбайд нийт 8 тонн махыг борлуулжээ.
Тухайлбал, дүүргийн 12 дугаар хорооны “Баянтахилт төв”-ийн талбайд 11:00-16:00 цагийн хооронд 4 тонн хонины мах буюу 200 гулууз борлуулсан бол II хорооны хувьд УБХЗАА-наас гүйцэтгэж байгаа тээвэрлэлт гүйцэтгэх явцад хуваарилалтын алдаа гарсны умаас KFC төвийн баруун талд нөөцийн мах 15:30 цагт ирж, нөөцийн махны борлуулалт хэвийн явагдан 4 тн махыг 18:00 цагт борлуулж дуусав. Иргэд нөөцийн мах борлуулах цэгээс (хонины мах нэг килограмм нь 6,700₮) хонины гулуузыг 11:00-16:00 цагийн хооронд худалдан авах боломжтой юм.
Нөөцийн махыг худалдаалахдаа коронавирусийн халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулахаар дүүргийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн алба хаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу иргэдэд 1.5-2м зайг баримтлуулан, дэг журмыг сахиулан, ажиллав.
Иймд иргэн та худалдан авалт хийхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахих, хүнс, худалдааны газруудаар явахдаа амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих /2метр/, гараа ариутгах дүрмийг баримталж халдвараас хамгаалахыг уриалж байна.
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалах цэгүүд
- 2 хороо “Тээврийн дээд сургууль”-ийн урд талбай
- 12 хороо , 6 дугаар бичил хорооллын “Баянтахилт төв”-ийн гадна талбай
- 24 хороо “Алтай хотхон”-ы 22 дугаар байрны урд талбайд 11:00-16:00 хооронд ажиллана.