Багануур дүүрэгт коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ
Багануур дүүрэгт коронавируст халдварын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн тухай дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Багануур дүүргийн Засаг дарга Г.Даваасүрэн:
“Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануурт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-рүү сорьцыг явуулахад PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.
Ингээд Багануур дүүрэгт коронавирусээр өвчилсөн нэг тохиолдол бүртгэгдлээ” хэмээв.
"Ойрын болон дам хавьтлын 37 хүний сорьц түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан"
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр "Анх Багануурт сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд л бид яаралтай арга хэмжээ авч ажилласан.
Одоогоор тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 17 хүн, дам хавьтлын 10 хүн гээд нийт 37 хүнийг олж тогтоож, түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад эхний удаад сөрөг гараад буй. Гэхдээ хариуг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү хүргүүлсэн.
Дүүргийн иргэдийг хоёр өрхийн эрүүл мэндийн төв, нийгмийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж сайн дурын шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.
Тандалт, судалгаа үргэлжилж байгаа тул иргэд сандралгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, гэрээсээ гарахгүй байж мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг уриалж байна" гэсэн юм.