Л.Эрдэнэчулуун: ААН-үүд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулах шаардлагатай
Цаг үеийн асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 1-нээс бууруулах чиглэл гаргасантай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхтэй 18 салбарын 13 мянга гаруй ААН-д 21 заалттай мэдэгдэл хүргүүлж эхэлсэн.
Үйл ажиллагаа нь нээгдсэнтэй холбогдуулан эдгээр ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Уг мэдэгдэлд ААН-үүдийн үйл ажиллагаа эхлэхийн өмнөх бэлтгэл, эхэлсний дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа халдвар хамгааллыг хэрхэн хэрэгжүүлэх тухай юм.
ААН-үүд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулсан байх шаардлагатай.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд
- эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг сахих,
- их цэвэрлэгээг доод тал нь 2-3 удаа хийх,
- нийт ажилчдаа сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах,
- гэрийн тусгаарлалтад байгаа бол тухайн ажилтанд чөлөө олгох,
- ажлын ширээг 1,5-2 метрийн зайтай байршуулах
- шаардлагатай цэгүүдэд гар ариутгагч тавих зэрэг шаардлагууд тавьж байгаа.
Арилжааны 12 банканд мөн мэдэгдэл өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо болон сав баглаа боодлын 15 үйлдвэрт мэдэгдлээ хүргүүлээд байна" гэв.