12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно
Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоохыг албаныхан мэдээллээ.
Энэ хугацаанд (2020.12.18 - 2020.12.24 хүртэл) хугацаанд зөвхөн хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчуулна.
Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ.
"Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө.
Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө гэсэн шаардлага тавьж байгаа.