Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, ААН-үүдэд хийсэн шалгалтаар 935 зөрчил илэрчээ
НОБГ, НЦУГ, НМХГ, УБЗАА-наас үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж, ахуйн нэгж байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтаар 935 зөрчлийг илэрчээ.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2021 оны нэгдүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж, ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 24, 25-ны өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгсөн байна.
Уг ажиллагааны хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн харьяа хэлтэс, хороодын нийт 1,424 ажилтан, алба хаагч 2,803 аж, ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллажээ.
Шалгалтаар холбогдох хууль, заавар зөвлөмж зөрчсөн 925 зөрчлийг илрүүлэн, үзлэг шалгалтын явцад 580 зөрчлийг газар дээр арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавар зөвлөмж өгсөн байна.
Томоохон барааны зах, худалдааны төвүүдэд дараах нийтлэг зөрчлүүд илрэв. Үүнд,
- Хүн амын төвлөрөл их, хүн хоорондын зай барих боломжгүй
- Үйлчлүүлж буй хүний бүртгэл хөтлөлт хангалтгүй, QR код хангалтгүй, үйлчлүүлж буй иргэд утас байхгүй, И-баримт аппликейшн хэрэглэдэггүй,
- Агааржуулалт, агаар сэлгэлт хангалтгүй,
- Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, санамж, зурагт хуудас байршуулаагүй
- Халуун хэмжиж, хяналт хийж буй ажилтан тогтмол суухгүй, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэхгүй,
- Лангуу түрээслэгч худалдагч нар нь өөрсдийнхөө халууныг үзэхгүй,
- Гадна павильон болон өдөрт машинаас худалдаа эрхлэгч нарыг зай бариулах, гар ариутгал, худалдаа эрхлэгчдийн өдөр бүр халууныг үзэж бүртгэдэггүй,
- Нэг хаалгаар орж, гарч зай хэмжээ алдагддаг,
- Орчны бохирдол ихтэй,
- Бага насны хүүхдүүд их үйлчлүүлж байгаа,
- Хувь хүний гар дээрээс явуулын хоол хүнсийг авч хэрэглэдэг,
- Нийтийн бие засах газрын хүрэлцээ муу,
- Халдваргүйтгэлийн зориулалтын бодис хангалтгүй,
- Тусгаарлах өрөө бэлтгээгүй,
- Ариун цэвэр муу, худалдан авалт нь бэлэн мөнгөөр ихэвчлэн хийгддэг
- Задгай талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд хүндрэлтэй зэрэг багтжээ.
Нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд www.qr.ulaanbaatar.mn системд 520,492 иргэний 876,225 бүртгэл хийгдсэн байна.
Цаашид аж, ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.