Зөвшөөрсөн салбарын хувийн хэвшлийн байгууллагын ажилчдын 15 хүртэл хувь нь хувийн машинаараа зорчино
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы хугацаанд ажиллахыг зөвшөөрсөн хувийн хэвшлийн байгууллагын ажилтнууд ажлын үнэмлэх, ажлын газрын зайлшгүй ажиллах шаардлагатай гэсэн тодорхойлолт болон иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинаараа зорчино.
ХӨЛ ХОРИОНЫ үеэр ажиллах байгууллагын ажилтнууд ажлын үнэмлэх, тодорхойлолтоор хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно
Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хатуу хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 14 салбарын дөрөв нь хувийн хэвшилд хамааралтай. Эдгээр байгууллагын ажилтанд 10-15 хувийн квот тогтоон, хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ явах ёстой." гэв.
Шадар сайд С.Амарсайхан “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэх юм. Мөн зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах иргэд цагдаагийн алба хаагчдад учраа хэлээд хувийн автомашинаараа зорчиж болно” гэв.
Хөл хорионы үеэр бусад иргэдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй. Иргэд гэрээс гарахгүй байх зарчим баримтална. Нийтийн тээвэрт цөөн тооны иргэд (төрийн албан хаагчид хамаарахгүй) зорчих бөгөөд зөвхөн цонхон талд суухыг зөвшөөрнө. Зорчигч амны хаалт, бээлий заавал өмссөн байхыг шаардана. Жолооч, хянагчид үүнд хяналт тавих юм байна.