Ж.Амгалан: Хөл хорионы үеэр зорчих хөдөлгөөнийг замын бүх камер болон дроноор хянана
Өнөөдрийн УОК-ын хэвлэлийн хурлын үеэрБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш зорчих хөдөлгөөнд замын бүх хяналтын болон нисдэг камераар хяналт тавина хэмээн ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан мэдээлэв.
Зөвхөн зөвшөөрөлтэй салбарын хувийн хэвшлийнхэн хувийн тээврийн хэрэгслээр зорчих бол, төрийн албан хаагчид 130 автобусаар үйлчлүүлэх юм байна.
Нийтийн тээвэр нийтэд үйлчлэхгүй ч зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэн ойролцоох хяналт тавьж буй төрийн албан хаагчид хандсанаар зорчих боломжоор хангаж өгөх аж.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тээврийн хэрэгслээр зорчихгүй бөгөөд эмнэлгийн тусламж авахаар явж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид хандах ёстой. Тухайн алба хаагч иргэний үйлчлүүлэх эмнэлгийн маршрутыг гаргаж, бусад алба хаагчиддаа мэдээлснээр саадгүй нэвтрүүлэх бололцоо олгох юм байна. Алба хаагч нарын таблетад ЭМЯ-наас аль эмнэлэгт ямар төрлийн үйлчилгээ авч болох талаарх мэдээллийг суулгаж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, өмнөх хөл хорионы үеэр "эмнэлэг рүү явж байна" гэж хэлээд сэлгүүцэх тохиолдол гарч байсан бол энэ удаа тийм боломж байхгүй гэдгийг ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан мэдээлэлдээ цохон тэмдэглэв.
Тэрбээр "Баянхошуунаас хөдөлсөн автомашиныг жишээлбэл, Баянзүрх дүүрэг, офицерын ордон хүртэлх замын хяналтын камераар хянана. Мөн ОБЕГ-тай хамтран дрон нисгэж хөдөлгөөнд хяналт тавина. Эргүүл хамгаалалтад ажиллах төрийн алба хаагчид 8 цагаар солигдож 24 цаг хяналт тогтооно" гэлээ.
Харин хөл хорионы үед эмнэлгээс гарч байгаа иргэдийг тусгай автоусаар гэрт нь хүргэж өгөх юм байна.