Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн салбарын ажилтнуудад 21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчилнэ
Зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчлэхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр "Автобус нь өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваариар иргэдэд үйлчилнэ. Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийсэн" гэлээ.
Мөн авто замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга С.Жавхланбаатар "Нийт 14 чиг үүргийн байгууллага хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байгаа. Үүнээс Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина. Энэ асуудал дээр бид худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцолд хүрсэн.
Хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана" гэв.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Шуурхай хуралдаан дээр бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч 9,000 гаруй иргэнийг шинжилгээнд оруулах шийдвэрийг өчигдөр(уржигдар) 02:00 цаг өнгөрч байхад гаргасан. Өнөөдөр(өчигдөр) Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль дээр эдгээр иргэн бүгд нэг цэг дээр шинжилгээ өгнө гэсэн буруу ойлголт авч, бөөгнөрөл үүсгэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт явуулын 50, суурин 10 шинжилгээний цэг байгаа. Эдгээр цэгт иргэдээ тарааж, ачаалал үүсгэлгүй, шуурхай шинжилгээг нь авах байсан.
Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүн зөвхөн 62 дугаар сургууль дээр шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Ийм утгагүй байж болохгүй. Иргэдээ ингэж зохион байгуулалтын асуудлаас болж чирэгдүүлж болохгүй. Хийж байгаа ажлаа буруу тайлбарласнаас болж, өнөөдөр(өчигдөр) ирсэн нийт дуудлагын 50 гаруй хувь нь “Нэг өрх-Нэг шинжилгээ”-тэй холбоотой байсан. Үүнийгээ богино хугацаанд засаарай.
Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн та энэ салбарыг хариуцсан орлогч дарга. Та гурав бол шийдвэр гаргах түвшний хүн. Өмнөх алдаа, гарч болох эрсдэлийг мэдэх хүмүүс. Үүнийгээ урьдчилан, зөв тооцоолоод дахиад бөөгнөрөл үүсгэж, буруу ойлголт үүсгэхгүй байх талд ажиллаарай. Үүнийг зөв зохицуулах нь та гурвын ажил шүү. Хариуцлага өндөртэй гүйцэтгээрэй. Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй" гэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|