“Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн PCR шинжилгээгээр хөдөлгөөнд оролцоно“
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм.
Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.
Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчдын тав хүртэлх хувь нь ажилдаа явж, замын хөдөлгөөнд нийтийн тээвэр болон хувийн унаагаар оролцож байгаа. Улмаар нийтийн тээвэр 21 чиглэлд 180 автобус өглөө 07:00-09:30, өдөр 12:00-15:00, орой 17:00-22:30 цагийн хувиараар үйлчилгээнд гарч байна. Гэхдээ өглөө, оройны ид ачаалалтай үед нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон.
Харин өнөөдрөөс замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн иргэдээс 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн нь үл ойлголцол төрүүлж, ажилтан, албан хаагчдыг чирэгдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тайлбар хийж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр “Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 8-наас шинжилгээнд хамрагдаж эхэлсэн. Энэ шинжилгээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд орж байгаа. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа шинжилгээнд оруулаад дараа нь дүүргүүдийн голомтолсон хэсгүүд буюу 134 блокийн иргэдээс шинжилгээ авсан. Ингээд өчигдрөөс үлдсэн өрхүүдээс шинжилгээ авч байгаа.
Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид, хувийн худалдаа эрхлэгчид шинжилгээнд хамрагдсан бичгээ үзүүлээд явах ёстой.
Хүн бүхнээс PCR шинжилгээ авах боломжгүй байна” гээд иргэдэд хаанаас зөрүүтэй мэдээлэл өгөөд байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад “Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байгаа. Манайхаас зөрүүтэй мэдээлэл гаргаагүй” гэлээ.
Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Албан хаагчдыг хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бол чөлөөтэй нэвтрүүл гэсэн чиглэл өгсөн” гэсэн тайлбар өгөв.
Мэдээллийг дүгнэж хэлбэл, хоёрдугаар сарын 8-нд шинжилгээ хийлгэсэн төрийн албан хаагчид, хүнсний түгээлтийн ажилчид, мөн хөл хорионы хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд өрхөө төлөөлж шинжилгээ хийлгэсэн хүмүүс хөл хорио тавигдахаас өмнө дахин шинжилгээ өгөх шаардлагагүй юм байна. Шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гэх шаардлага тавихгүй, шинжилгээ өгсөн өрхийн иргэд дахин шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга онцлов. Нэг өрхийг төлөөлж шинжилгээ өгсөн хүний хариуг үндэслэн тухайн өрхийн иргэд зөвшөөрөгдсөн байгууллагад ажилладаг бол хөдөлгөөнд оролцоно.