QR код, ажлын үнэмлэхээ үзүүлэн, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд иргэдээс нийт 2,064 дуудлага ирсэн бол “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 69 иргэн хандсан байна.
Иргэдээс ирүүлсэн дуудлагын 1,883 буюу 91.2 хувийг үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна.
Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий код /QR/ байна.
Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.
Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно гэдгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв мэдээллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс