ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Чимид-Очирын Мэндбаяр Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ.
Монгол улсад Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарын түүхэн хуудсыг бичилцсэн үе үеийн ахмадууд, тэдний залгамж халаа болон их үйлсийг бүтээж яваа инженер техникийн ажилтнууд, хамтран ажилладаг байгууллагууд, нийт хэрэглэгч түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нийтийн зориулалттай орон сууцны инженерийн гадна болон дотор шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, тоног төхөөрөмжийг орчин үеийн дэвшилтэд техник, технологиор шинэчлэн Улаанбаатар хотын 6 дүүргийн 2139 орон сууцны байрны 111031 өрх, 365593 оршин суугч иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн хэрэглэгч оршин суугчдыг 24 цагийн турш халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгааг танилцахад таатай байна.
Цаашид нийтийн аж ахуйн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, инновацид суурилсан, дэвшилтэд техник, технологи, мэдээллийн нэгдсэн систем бүхий салбарын шинэчлэлтийн бодлого тууштай хэрэгжүүлэх, ашиглалт, засвар, үйлчилгээний үнэ тариф, норм, норматив боловсронгуй болгох, орон сууц нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн сургаж бэлтгэхэд шинэчлэл хийж, ажил үйлчилгээнийхээ чанарт онцгой өөрчлөлт гарган ажиллахыг та бүхнээс хүсье.
Улаанбаатар хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээг хариуцан ажиллаж буй Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын нийт инженер техникийн ажилтан, албан хаагчдад ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.