ФОТО: 9 дүүргийн шилдэг “СТАРТ-АП“ залуучуудын 18 БАГИЙН төсөл шалгарч санхүүгийн дэмжлэг авах батламжаа гардан авлаа
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн "шилдэг старт-ап" залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг зохион байгуулж, 9 дүүргийн 18 старт-ап залуучуудын багт 10 сая төгрөгийн батламжийг гардуулан өглөө.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар үг хэлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Алтантулга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцож, шалгарсан багуудад баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр арга хэмжээг 2022-2023 онд хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хүрээнд ХНХЯ, түүний харьяа хөдөлмөр үйлчилгээний байгууллагууд 2022 онд 37 арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа. Хөтөлбөр нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт гэсэн тусдаа дэд хөтөлбөртэй байгаад шилдэг залуучуудын "старт-ап" арга хэмжээг 2017 оноос эхлэн зохион байгуулаад явж байгаа. Залуучууд хувьд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, үйлдвэр үйлчилгээ эрхлэх, мэдээлэл технологийн чиглэлээр маш их шинэ санал санаачилгатай байдаг. Энэ үүдээс бид "старт-ап"-аар дамжуулан залуучуудын бизнесийн эхлэлийг дэмжиж өгч байгаа гэсэн үг. Энэ жилийн "старт-ап" арга хэмжээ нэлээд онцлогтойгоор зохион байгуулагдаж байна. Учир нь зөвхөн шилдэг төслийг шалгаруулах биш төсөл хэрхэн бичих, төслийг цаашид хэрхэн үр дүнтэй авч явах талаар мэргэжлийн бизнес эрхлэгч нар ирж төслүүдтэй танилцан зөвлөгөө мэдээлэл өгч байна.Цаашид старт-ап арга хэмжээг илүү өргөжүүлэхөөр ажиллаж байгаа. Энэ төсөл орон нутагт мөн хэрэгжиж байна." гэдгийг онцлов.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санаа, санаачлага гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулж, бизнесээ эхлүүлэх, гарааны дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд бүртгэлийн үйл ажиллагааг 2022.05.27-2022.06.12-ны хугацаанд цахимаар зохион байгуулж нийт 478 залуучуудыг бүртгүүлсэн юм байна. Үүнээс нэг дэх үе шат буюу “Гарааны бизнесээ эхлүүлэх” 54 цагийн арга хэмжээнд 269 залуучуудыг хамруулж, хоёр дахь үе шат буюу “Бэлтгэл хурдасгуур” арга хэмжээнд 43 багийн 101 залуучуудыг менторын тусламжтайгаар бизнес санаагаа хөгжүүлэх, харилцан биенээсээ суралцах үйл ажиллагааг 5 хоног буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан байна.
Арга хэмжээний гурав дахь үе шат буюу Хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах арга хэмжээг “Мэдээлэл технологийн үндэсний парк”-д 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж, 42 багийн 98 залуучууд өрсөлдсөнөөс шилдэг Старт-ап 18 баг шалгаран, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр санхүүгийн дэмжлэг олгох батламжаа ийнхүү гардан авлаа.
Шилдэг Старт-ап залуучуудад санхүүгийн дэмжлэгийг 2 дахь жилдээ эргэн төлөх нөхцөлгүйгээр олгож байгаагаараа онцлог юм.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Стартап маркетинг спэйс ХХК, Хөгжлийн шийдэл ТББ, Шинэ эхлэх цэг ТББ хамтран оролцож, зохион байгууллаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
|