Нийслэлийн 2023 оны төсвийг өмнөх оноос 2 хувиар өсгөж баталлаа Нийслэлийн 2023 оны төсвийг өмнөх оноос 2 хувиар өсгөж баталлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн 2023 оны төсвийг өмнөх оноос 2 хувиар өсгөж баталлаа

2022 оны 12 сарын 03

Arslan.mn

НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэлийн 2023 оны төсөв батлах тогтоолын төсөл гаргаж санал хураан, олонхын саналаар батлав.

Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн байруудыг НИТХ-аар баталсан тарифаар түрээслэх зэргээр орлого төвлөрүүлж болно. Мөн тэвчиж болох зардлуудыг танах боломжтой” хэмээсэн юм.

НИТХ-ын хороод болон намын бүлгийн хуралдаануудаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэний дүнд гаргасан санал, дүгнэлтүүдийг мөн танилцуулсан. Тухайлбал, НИТХ дахь  МАН-ын бүлгээс Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан бол АН-ын бүлгээс  татварын бус орлогыг нэмэгдүүлэх чиглэлд гэр хорооллын газартай уялдуулан үнэт цаас гаргах, төр захиргааны шинэ байрыг худалдан борлуулж замын түгжрэлийг бууруулахад зарцуулах, чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, нэгтгэх зэргээр зардлыг  бууруулах саналтайгаа онцлов. Хуралдаанаар эдгээр санал, дүгнэлтийг төсвийн төсөлд тусгах, эсэх дээр санал хурааж шийдвэрлэсэн юм.  

2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна. Харин зардлын хувьд Нийслэлийн 2023 төсвийн төсөлд урсгал зардлаас гадна нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд багтжээ.

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталсан байна. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642955
0 эможи

keyboard_arrow_up