Ч.МЭНДБАЯР: Дулааны шугамын засварын ажлыг төсөвт суулгах зайлшгүй шаардлагатай байна
Дулааны шугам сүлжээг солих, засах ажлууд эдгээр өдрүүдэд эрчимтэй өрнөж байна. Тэгвэл энэ хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, ерөнхий инженер Ж.Пүрэвжамц нар өчигдөр буюу 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Нисэх, Баянгол дүүргийн 3,4-р хороолол, бичилийн зам дагуу хийгдэж буй инженерийн шугам сүлжээний засварын ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр “ОСНААУГ нь Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар төлөвлөгөөт ажлуудаа батлуулдаг ч төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу дулааны шугамд гэмтэл их гарч төлөвлөгөөт бус ажлууд их гарч байна.
Нисэх орчимд 300-гийн шугамнаас халаалт авдаг гурван ААН, ОСНААУГ-ын харьяат зургаан байрны 1800 орчим иргэн болон хувийн орон сууцны конторуудын зарим орон сууц 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хэрэглээний халуун усгүй байсан. Тиймээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас материалаа, ОСНААУГ-аас ажиллах хүн хүч, техникээ гаргаад эхний ээлжинд оршин суугчиддаа хэрэглээний халуун ус өгөх ажлыг хийж байна. Засварын ажил эхлээд дөрөв хоносон бөгөөд ажлын явц 50 гаруй хувьтай байна. Бид халаалт өгөхөөс өмнө дээрх байруудыг халуун устай холбоно.
Үүнээс гадна Бичил хорооллын УДДТ-97 дугаар төвөөс УДД- 98 төв рүү явсан дулааны шугамд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн тэг зогсолттой уялдуулан хийгдсэн угаалга, цэвэрлэгээний үеэр хоёр гэмтэл гарсныг засварлаж, дуустал өчигдөр дахин гэмтэл гарсан байна. Иймээс дулааны шугамын засварын ажлыг төсөвт суулгах зайлшгүй шаардлагатайгаас гадна дулааны шугамыг өргөтгөх, инженерийн шугам сүлжээг хонгилын системд бүрэн шилжүүлэх зэрэг тоймтой ажлуудыг хийхэд анхаарах хэрэгтэй байна” гэдгийг энэ үеэр онцоллоо.
Мөн “Улаанбаатар хотын хэмжээнд гэмтэлтэй шугам, сүлжээ маш их бий. 2000-2023 оны хооронд нийт 183 дундын өмчлөлт шугам, сүлжээнд гэмтэл гарсан. Эдгээр гэмтлийн 70 хувийг ОСНААУГ хөрөнгөө гаргаж зассан. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ зун тогтоол гаргаж, 300 мм-ээс дээш диаметртэй шугам сүлжээг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ, 300 мм-ээс доош диаметртэй шугам сүлжээг салааны ачаалал хамгийн их ААН, иргэн хариуцахаар болсон. Өмнө нь дундын өмчлөлийн шугам сүлжээнд гэмтэл гарахад хэн засах, хөрөнгө мөнгийг хэн гаргах нь тодорхойгүйгээс болоод хэрэглэгч дунд нь хохирох асуудал их байсан. Тэгвэл энэ тогтоолын тусламжтайгаар хэрэглэгч дунд нь хохирохооргүй болсон.” гэдгийг ОСНААУГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц онцолж байлаа.