Б.Ганзориг: Нийслэлийн ЗД-ын орлогч З.Төмөртөмөө “Аятайхан байгаарай! Чи хүний нүүр харах уу?“ гэж доромжилсон
Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон гэх асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны дэргэдэх Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө дарга хараа хүмүүс бидэнтэй зүй бусаар харьцсан. "Уран ган"-ы дэргэд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр байдаг. Тэр хавийн орчин ялангуяа зун шавар шавхай ихтэй, хараагүй иргэд зорчиход маш их хэцүү байдаг.
Уг асуудлаар 2023 оны тавдугаар сарын сүүлээр З.Төмөртөөмөө дарга холбогдох хэлтсийн хүмүүстэй биечлэн танилцаж Азийн банкны санхүүжилтээр "Цэвэр агаар сан" төслийн хүрээнд тохижилт хийлгэхээр болсон. Бид зургаадугаар сарын ихээр зураг төслөө дахин гаргуулж хот байгуулалт хөгжлийн газарт зургаа өгсөн. Ингээд зохих бүх шат дарааллын дагуу явсаар энэ долдугаар сарын сүүлээр буюу сарын дараа эцэслэн батлуулж чадсан.
"Цэвэр агаар" сангаас санхүүжилтээ хүсэхэд хугацаа өнгөрсөн, одоо өгөх боломжгүй гэсэн. Тохижилтоо сайжруулах итгэл үнэмшилтэй байсан бидний хувьд урам хугарч, итгэл алдрав. З.Төмөртөмөө даргад хандахад зураг төслөө удаасан тул боломжгүй болсон гэсэн.
Гэтэл твиттерт З.Төмөртөөмөө дарга хараагүйчүүдийг хуурсан гэх мэдээлэл гарахад тэр над руу залган "За Б.Ганзориг оо чи аятайхан байгаарай" гэсэн. Би хариуд нь Бид ажил эхлүүлээд явсны хувьд цаг гаргаж, нүүр нүүрээ хараад ярилцаж болох уу гэж асуухад "Чи хүний нүүр харах уу" гэж доромжилж, даапаалсанд гомдолтой байна. Энэ бол төрийн албан тушаалтны амнаас гарамгүй хандлага байсан.
Үүнд бид төрийн албан тушаалтан иргэдийг ялгаварлан гадуурхсан гэж үзсэн тул Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөг огцруулж, хэлсэн үгэндээ олон нийтийн өмнө уучлалт гуйхыг шаардаж байна." гэв.