Хотын орлогч З.Төмөртөмөө: Чин сэтгэлийн уучлал хүсэж байна
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Ганзориг хэвлэлийн хурал хийх үеэрээ Хотын орлогч З.Төмөртөмөө “Нүүр нүүрээ харж байгаад асуудлаа ярья" гэхэд Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах уу. Чи хүний нүүр харж чадах юм уу” гэж хараагүй байдлаар минь ялгаварлан доромжилсон хэмээн олон нийтэд мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Хотын орлогч З.Төмөртөмөө уучлал хүсэж буйгаа цахим хуудастаа байршуулж, МХҮХ-ын Ерөнхийлөгч Б.Ганзоригтой хамт авахуулсан зургаа байршуулжээ.
Тэрбээр “Уучлал хүсэж байна. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-гуудаар хуваарь гарган очиж ажилласан билээ. Одоогоос дөрвөн сарын өмнө МХҮХ-нд очиж талбайн тохижилт хийх шаардлагатай байгааг мэдсэн. Улмаар төслийн санхүүжилтээр хийж өгөхөөр бид тохиролцсон билээ. Харамсалтай нь, зураг төсөвгүй удсаар бид ч яаруулсаар төслийн ажил цаг хугацаандаа амжихгүй болж өөр тийш шилжиж таарав. Хэн хэн нь л нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьсон ажил байлаа. Улмаар холбооны зүгээс намайг буруутгаж, би ч та нар зураг төсвөө хоцроолоо гэж сануулсаар байсан бөгөөд энэ асуудлаас болж үл ойлголцол үүсэхэд хүрсэн. Бид утсаар ярихад “Нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ. Цаг хугацаанаасаа хоцорсон. Та нараас боллоо” гэж хэлсэндээ албан ёсоор чин сэтгэлийн уучлал хүсэж байна. Мөн нийтэд тустай энэхүү ажлыг заавал хийж дуусгахаа МХҮХ-ны олон мянган гишүүдийн өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна” гэжээ.