ТОДРУУЛГА: Гацуур мод шатсаны улмаас нэг гэр бүлийн 7 иргэн амь насаа алджээ
Гацуур модны гэрэл шатан гэрт нь гал гарч, бага насны дөрвөн хүүхэд, нэг том хүн угаартаж нас барсан байсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар НОБГ-аас тодруулахад, "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна.
Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм" гэв.
Гацуур модыг зуух, халаагуураас хол байрлуулахыг зөвлөж байна.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд утаажилт үүсгэн, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаан, хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.