Хотын Ерөнхий архитектораар Z үеийн төлөөлөл Ч.Төгсдэлгэрийг томиллоо
Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Z үеийн төлөөлөл Чинбатын Төгсдэлгэрийг томилсон байна.
Тэрбээр Шинэ Монгол сургуулийг төгсөж, Япон Улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд магистр болон докторын зэрэг хамгаалсан хот төлөвлөлт, хотын нийтийн тээврийн чиглэлээр ажилладаг судлаач бүсгүй юм. Түүний 2023 оны зургаадугаар сард хамгаалсан докторын судалгааны сэдэв нь хотын нийтийн тээвэр байжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр "Төрөлх хотоо өөрчилье. Алдааг нь засъя гээд сурсан мэдсэнээ зориулахаар ирээд байна. Удирдах албан тушаалд залуу хүмүүс ирж байж өөрчлөлт гарна гэдэгт итгэдэг. Энэ ажлыг хариуцлагатай, няцашгүй авч явна. Мөн хотын хүндээ ээлтэй, хүндээ хүртээмжтэй, иргэндээ зориулсан байх ёстой. Түүнчлэн, энэ бүхнийг нийтийн тээвэр дээр тулгуурлаж хөгжүүлнэ." гэв.