Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэгт нүдэнд харагдаж, гарт баригдах дэвшил гарсан Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэгт нүдэнд харагдаж, гарт баригдах дэвшил гарсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэгт нүдэнд харагдаж, гарт баригдах дэвшил гарсан

2024 оны 5 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай ярилцлаа.

-Та дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр хоёр, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нэг удаа сонгогдсон. Одоо Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Мөн МАН-ын дунд үеийн төлөөлөл. Тэгэхээр таныг улстөрч гэж хэлэхээс өөр аргагүй. Та их чимээгүй хүн. Олон нийтийн өмнө ил гардаггүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр яриад байдаггүй. Чимээгүй байдаг нь таны хувь хүний зан чанар уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?

-Би яалт ч үгүй МАН-ын дунд үеийн төлөөлөл мөн үү гэвэл мөн. МАН-д нэгдүгээр дамжааны оюутан байхдаа элссэн. Намын баримталж ирсэн бодлого, түүхийг алдаа, оноотой нь харж ирлээ. Манай нам үндэсний ардчилсан үзэл санаанд тулгуурласан зүүн төвийн үзэл баримтлалтай. Онолын хувьд социал демократ үзэл санааны чигт багтана.

Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй, хүн ам цөөн, газар нутаг том, хоёр том хөршийн дунд оршдог онцлогтой, түүх, уламжлал, амьдралын хэв маягийн хувьд социал демократ үзэл санаа илүү ойр юм уу гэж анх сонголтоо хийсэн. Мөн нийгэмд идэвхтэй байх, хамт олонтой байх зорилгоор 17 настай байхдаа элсэж, МАН-тай багагүй хугацаанд ажил, амьдралаа холбоод явж байна. Чимээгүй байдгийн тухайд гэвэл намын 200 мянга гаруй гишүүн бий.

Тэднээс ил гараад, чимээ гаргаад явдаг нь цөөн. Миний хувьд намын судалгааны хэсэгт голлон ажиллаж ирсэн. Арын албанд нэлээд ажилласан хүн гэх үү дээ. Намаас сонгогдож, дүүргийн Засаг даргаар томилогдсон хүний хувьд ил гарах зайлшгүй шаардлага үүсэж л байх шиг байна. Дүүргийн Засаг дарга аж ахуйн ажил л хийдэг. Тиймээс улс орны хэмжээнд биш, орон нутгийн шинжтэй байдаг учраас ил гараад, улс орон даяар зарлаад явах нь зохимжгүй.

Дүүрэг, хороондоо л ил гараад явах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ иргэддээ үйл ажиллагаа, бүтээн байгуулалтынхаа талаар мэдээлэл өгч байх ёстой юм билээ. Би нэлээн хуучинсаг хүн шиг байгаа юм. Хийж буй ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр цацаад байхыг хүсдэггүй. Харин иргэдтэйгээ олон уулзалт хийдэг.

-Таны намтрыг харахад аль 1997 онд МУИС-ийн Улс төр судлалын ангийн оюутан байхдаа намд элссэн юм билээ. Бараг 27 жилийн түүхтэй нь холбоотой юм байна.

-Намын дэргэд залуучуудын анхдугаар чуулганыг 1998 онд анх зохион байгуулалцаад явж байлаа. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын дэргэд залуучуудын байгууллага байгуулах санаачилгыг гаргаж байсан. Манай оюутан ангийн хэдэн залуу нийлээд намын оюутан, залуучуудын байгууллагын эхлэлийг тавьсан юм. Дээд үеийнхэн маань сайн мэднэ. Тэр үед намын ажил уулзалт, хурал хийх, цуглаан зохион байгуулах гэх мэтээр амьд харилцаанд ихээхэн тулгуурлаж явдаг байлаа.

-Намын судалгааны ажлаар Өмнөговь аймаг явж байгаад осолд орж нэлээд хүнд бэртсэн гэж сонссон. Яг юу болсон юм бэ?

-Би оюутан байхдаа ч, их сургуулиа төгсөөд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд ажиллаж байхдаа ч намын судалгааны багт хавсарч ажилладаг байсан. УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө Өмнөговь аймаг руу УАЗ-469 машинтай явж байх үед бороо орж замын нөхцөл муудаж, осолд орсон тохиолдол бий. Нуруундаа бэртэл авч, Даланзадгадын эмнэлэгт гурав хоногт хэвтээд онгоцоор Улаанбаатарт ирж байлаа. Бэртэл гайгүй эдгэсэн. Гэхдээ удаан суух, даарч хөрөхөөр өвчин орох гээд байдаг. Бас хазгай сууж амраадаг зуршилтай болсон.

Аливаа бодлого, шийдвэр гаргахдаа судалгаанд суурилсан байх шаардлагатай гэж тухайн үеийн намын дарга нар үзэж байлаа.

Би бүх аймгаар явж судалгаа хийсэн. Энэ явцад хөдөө орон нутагт амьдарч буй олон хүнтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоно.

Нэг ёсондоо залуу насны амьдрал таних аялал байсан даа. Манай судалгааны багийн зарим хүн эх орноо гурав дөрвөн удаа бүтэн тойрсон байдаг.

-Таныг С.Баяр даргын туслахаар ажиллаж байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. С.Баяр бол Монголын олны анхаарлыг ихээр татдаг бөгөөд шилдэг улстөрчдийн нэг. Тэр хүнээс юу сурсан бэ?

-Намын оюутны холбоонд байх үед 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди гуайтай бид уулзсан. Тэр үед С.Баяр даргыг анх удаа харж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Шулуухан ярьж, үнэтэй зөвлөгөө өгч, оюутнуудын анхаарлыг ихэд татсан. Намын судалгааны төвд ажиллаж байх үед С.Баяр дарга ОХУ-д суух Элчин сайдаас буугаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдсон. Судалгааны төвд ажиллаж байгаа залуучуудаас нэгийг нь туслахаараа авъя гэсэн юм билээ. Манай хэлтсийн дарга О.Эрдэнэчимэг намайг санал болгосон.

Намын ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллана гэдэг бол улс төрийн карьер хөөхөөр шулуудсан залуу хүнд сайхан боломж. Мэдээж, ажлын туршлага хуримтлуулах нь тодорхой. С.Баяр дарга “Туслах хийнэ гэдэг бүх талаар тусална л гэсэн үг шүү дээ” гэж хэлээд ажилд авч байсан. Удалгүй Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн кампанит ажлыг дарга удирдсан. С.Баяр даргыг мэдлэгтэй, мэдрэмжтэй, сайн стратегич гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн мэднэ. Тийм хүний дэргэд ажиллаад нэлээд юм ажигласан л байх. Үнэнийг хэлэхэд их юм сурч чадаагүй юм шиг санагддаг. 24-25 настай, гэнэн залуу ч байж.

-Дараа нь Ө.Энхтүвшин даргын үед ажлын багт нь ажиллаж байна гэсэн. Ерөнхийдөө МАН-ын удирдлагатай их ойр ажиллаж байсан хүн үү?

-Анх намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн намайг ажилд авч байсан. Ө.Энхтүвшин даргын ажлын албанд О.Эрдэнэчимэг даргатай хамт ажиллаж байлаа. Дараа нь залуу генсек Ж.Мөнхбатын үед намын судалгааны төв Стратеги академи болоход дэд даргаар ажилласан. Бид нэг нутгийнх. Судалгааны чиглэлээрээ л хамтарч ажиллаж байсан. Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаяртай хамт судалгааны ажлын хэсгийг нь ахалж, 2012 оны Нийслэлийн намын хорооны Судалгаа, сургалтын багт ажиллаж байлаа. Би улс төрийн социологи тал руу илүү мэргэшсэн хүн. 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн Тамгын газрын даргаар 2016 оноос ажилласныг тань мэдэх юм.

-Намын томилгоогоор тэр ажилд очсон. Компани учраас яг Тамгын газар гэж нэрлэдэггүй. Захиргаа, удирдлагын газрын захирал гэдэг. Д.Ариунболд гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Тухайн үед дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн сайхан үе тохиосон. Бид 2016 оны арванхоёрдугаар сард нүүрсийг анх удаа сонгон шалгаруулалтын үнээр худалдаж байлаа. Тонн нь 27 ам.доллар байсан нүүрсний үнэ 72 ам.доллар хүртэл өссөн. Өдөрт нэг сая гаруй ам.долларын борлуулалт хийдэг болсон.

Манай багийнхан улиг болтол яригдаж байсан “Чалко”-гийн өрийг дарсан. Би хүний нөөц, орон нутгийн харилцаа гэсэн дотоод асуудлыг хариуцан ажилласан юм. 700 гаруй уурхайчин ажиллаж байлаа. Уурхайчид маань ажлын байрны таатай орчин, баталгаатай байж ажиллана. Уул уурхайн үйл ажиллагаа орон нутагт заавал өгөөжтэй байх ёстой. Тэгэхээр орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж, ойлголцол бий болгоно. Орон нутагтай хамтарсан гэрээ байгуулж ажиллана. Үйлдвэрчний эвлэлийн С.Эрдэнэ гуайтай уурхайчдын эрх ашгийг нэлээд сайн хангасан гэрээ байгуулж байлаа. Уурхайчдын ростерийг 14 хоног болж байсан. Одоогийнх шиг 14 хоног ажиллаад, 14 амраадаг болгосон гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-д хоёр жил гаруй ажилласан. Д.Ариунболд захиралтай хамт очоод, хамт чөлөөлөгдсөн.

-Та нарын дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдсан хүмүүс “Нүүрсний хулгай”-н хэргээр ял шийтгүүллээ. УИХ-аас “Нүүрсний хулгай”-н сонсгол хийсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Харин танай менежментийн багийнхныг сонсголд дуудсангүй. Хуулийн дагуу шударга ажилласан гэсэн үг үү?

-“Эрдэнэс Тавантолгой” бол том компани. Хөрөнгө оруулалт, худалдан авалт нэмэгдэхийн хэрээр алдаа мадаг гаргаж болохгүй шүү гэж Д.Ариунболд захирал байнга анхааруулдаг байсан. Компанийн захирал, удирдлагын баг хичээж, бүх ажлаа хуулийн дагуу гүйцэтгэж байсан. Тэр үед нүүрсний борлуулалтын сонгон шалгаруулалтыг анх удаа “Эрдэнэс Тавантолгой”-д нэвтрүүлсэн. Тиймээс алдаа мадаг бага байсан болов уу. “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх цаг үеийн шийдвэр, борлуулалт, худалдан авах гэрээг эрх бүхий байгууллагууд шалгаж үзсэн. Мөн тэр үед том дүнтэй гэрээ хэлцэл ч хийгээгүй.

“Эрдэнэс Тавантолгой” хэмээх коксжих нүүрс олборлогч үндэсний том компанид ажиллаж байсан үе үеийн хүмүүсийг бүгдийг нь харлуулж болохгүй. Тэнд ажиллаж буй уурхайчдыг Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүс гэж боддог.

-Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөхөөр ажилласан санагдаж байна.

-Тийм. Би нэг ажилд гурваас илүү жил ажиллаагүй юм билээ. Зөвхөн би ч биш, улс төрийн зам сонгосон, ийм намтартай хүн олон бий. Бид өнөө цагийн улс төрийн тогтолцооны л бүтээгдэхүүн шүү дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын дарга хийж байлаа. Сайд нь солигдохоор хамт буугаад, өөр ажилд томилогдох жишээтэй. Ерөнхийд нь дүгнэвэл би байгууллагын дотоод ажил хариуцаж ажилладаг байсан хүн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658702
0 эможи

keyboard_arrow_up