Нийслэлчүүдийг өмхий үнэрт автуулсан Б.Наранцацралд 10 сая төгрөгөөр торгох ял оноожээ
Нийслэлчүүдийг өнгөрсөн жил өмхий үнэрт автуулсан “Эко стандарт петролиум” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн гүйцэтгэх захирал Б.Н-д аюултай хог хаягдлыг хэрэглээний бохир усыг татах төв коллектор шугам руу хаясан хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл шүүхээс хэргийг хянан хэлэлцэж, Б.Н-ийг гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Хэргийг эргэн сануулахад, 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бохирын шугамын худаг руу асгасан байдаг.