ИРГЭН: Сургуулийн тог тасарсан, хурдан ирж хүүхдээ аваарай гэсэн
Нийслэлд энэ сарын 10-ны өдөр ихэнх байршилд цахилгаан хязгаарласан. Өчигдөр ч мөн хотын зарим хэсэгт хязгаарлалт хийсэн. УБЦТС-аас өвлийн улиралд байнга цахилгааны хязгаарлалт хийнэ гэж мэдэгдсэн.
Тэгвэо өчигдөр орой 17.30 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн I хороо цахилгааны хязгаарлалтад орж, тус байршил дахь орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгүүд харанхуй болжээ.
Тиймээс ангиудын эцэг, эхчүүдийн цахим группууд рүү “Сургуулийн ток тасарсан, хурдан ирж хүүхдээ аваарай” гэсэн зар тарааж, түргэн авхуулжээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөхдөө, "Өнөөдөр 10:00-11:00 цагт өглөөний оргил ачааллын үе таарч, хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар 150 МВт-ын гурван салхины станц төвийн бүсэд холбоотой, нэг ч үйлдвэрлэлгүй, тэг оролцоотой байлаа. 90 МВт-ын хүчин чадалтай нарны зургаан станц бий ч 11:00-12:00 цагт төвийн бүсэд эрчим хүч нийлүүлж чадсангүй. Нар байхгүй, хангалттай салхи гарахгүй байгаа тул оролцож чадаагүй. Иймд чадлын дутагдалд орж байна. Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокийг төвийн сүлжээнд холбох гэж байтал гал гарсан. Ингэснээр 14 хоног хойшилж байгаа учир 2024 оны төгсгөл хүртэл тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Аль болох хязгаарлалт хийхгүйн төлөө эрчим хүчний салбарынхан ажиллаж байна" гэсэн юм.