“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!

2024 оны 12 сарын 20

Arslan.mn

Улаанбаатарын утаа 20-иод жилийн түүхтэй. Утаатай хамт улс төрийн түүх яригдахаар болсон. Яагаад гэхээр утааны он жилүүдэд хэн дарга байна, тэр даргын найз бизнесмэний “утааны эсрэг” төсөл хэрэгжиж ирсэн. Үүнийг ойлгож цөхөх зүйлгүй, нуух ч арга байхгүй болсон. Үнэндээ, манай улс хотынхоо утаатай тэмцдэг ийм л тогтолцоотой болчихсон. Товчхондоо, улс төр, бизнес хоёр холилдоод оролцдог учраас л утаа улам өтгөрөөд байгаа юм. Тиймээс улс төрийг л Улаанбаатарын утаанаас улс төрийг холдуулах шаардлагатай. Тэгж чадвал утааны тэмцэл үр дүнтэй болно. Ядахад, утаатай тэмцсэн гэх өнгөрсөн он жилүүдэд гоё нэртэй төслүүд хэрэгжүүлж манийгаа онхолдуулсаар ирсэн. Яндантай мөртлөө утаагүй зуух гэнэ. Огт хийж үзээгүй шахмал түлшээ сайжруулсан гэж нэрлэнэ. Сонсоод л шууд итгэл төрөхөөр нэр өгнө шүү дээ. Эдгээрт л гэхэд зарцуулсан мөнгийг нь нэгтгээд сонсвол галзуурч мэдэхээр тоо гарна. Өнөөдөр “…Үе үеийн зуухнууд хэн хэний бизнес байсан бэ. Түүнд түлдэг түлш нь хэн хэнд мөнгө олж өгдөг вэ” гэдэг нь бүгд л ил болчихлоо. Удахгүй нэр, устайгаа гарч ирж булайгаа дэлгэх дээрээ л тулаад байгаа сурагтай байгаа шүү. Хамгийн гол нь тэдгээр төслүүдээс үр дүн гардаггүй. Өнөөдрийн утааны өнгө, үнэр, хор бол өнгөрсөн он жилүүдийн “тэмцэл”-ийн дүн юм.

Гэхдээ өнгөрсөн жил Засгийн газраас шийдвэр гаргаж, утааны асуудлыг Улаанбаатар хотын захиргаанд хариуцуулсан. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сая “…Утааг хэрхэх вэ” гэдгээ ярьж байна. Тэрээр “…Утааг багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдэл нь орон сууцжуулах бодлого юм байна гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн” гэж мэдэгдэв. Гоё шийдэл, бас зөв. Гэхдээ энэ бүхнийг энэ өвөлдөө хэрэгжүүлж амжихгүй юм байна. Х.Нямбаатар “…Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг дөрвөн багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан. Эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна” гэв. Мөн “…Утааг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ” гэлээ. Түүнчлэн “…Өнгөрсөн 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн”, “…Шинэ Зуунмод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн”, “…Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ” гэв. Утааг амлаж авсан Улаанбаатар хотын захиргаанаас ийм төлөвлөгөө танилцууллаа.

Гэхдээ Улаанбаатар хотын захирагчийн амнаас “…84 мянган айлын зуухыг яаралтай шинэчил гэдэг дүгнэлт гарсан. Үүнээс болж хүмүүс угаартаж үхээд байна” гэсэн үг гарав. Дахиад л утаагүй зуух… Ерөөсөө энэ утаагүй зуухнаас бүгдээрээ залхмаар байгаа юм. Иргэд бол залхсан. Энэ нь мэдэгдэж байна. Шийдвэр гаргагчид залхах үлдэв. Ер нь бол иргэд “…Утаа их байна” гэхээр төр “…Өө, дор нь байхгүй болгоё” гэнэ. “…Яаж” гэхээр “…Утаагүй зуух тараана. Зуухандаа сайжруулсан түлш түлье” гэдэг. Утааг 20 жил ярьсан. Үүний 10 гаруйд нь энэ утаагүй зуухаар утаатай тэмцсэн. Үүн дээр түлш нь нэмэгдэнэ. Ингэхдээ утааны эсрэг шийдлийг “утаагүй зуух” гээд байдаг нэг хөшүүргийг энд ашиглаад байна. Тэр нь “…Судалгаа, шинжилгээний дүгнэлт” гэгч юм. Улаанбаатар хотын захирагч ч “…84 мянган айлын зуух” гэж ярихдаа “…Дүгнэлт” гэж байгаа биз. Тэгвэл саяхны нэг ийм дүгнэлтээр “…Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух ялгаруулж байна” гэчихсэн байна. Бас дээрээс нь “…Улаанбаатарт ирж суурьших хүмүүсийн тоо өсөхийн хэрээр утаа нэмэгдэж байна” гэдэг дүгнэлт бий. Энэ талаар “…НИТХ-ын 1995 оны 19 дүгээр тогтоолоор “…Нийслэл хотод шилжин суурьших, түр оршин суух, нийслэлээс шилжин явах тухай түр журам” баталж нийслэлд оршин суух хүсэлт гаргасан иргэд 1995 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхэлж нэг удаагийн төлбөр төлдөг болсон. Тогтоол хэрэгжиж эхэлсэн эхний хоёр жилд шилжих хөдөлгөөн буурсан ч 1998 оноос буцаад өссөн. Тус журмыг 2004 оны хоёрдугаар сарын 18-ны 20 дугаар тогтоолоор “…Иргэдийн шилжих хөдөлгөөнийг бүртгэх журам” гэж шинэчлэн баталсан. Энэ журмаар ямар нэг төлбөр хураамжгүй болсон. Журам батлагдсанаас хойш шилжих хөдөлгөөн хоёр дахин өссөн. 1999-2003 он хүртэл жил дараалан ган зудад 13 сая гаруй мал хорогдож, олон тооны өрх айл орлогын эх үүсвэргүй болж 2002-2004 он хүртэл жилд дунджаар 35.7 мянган хүн шилжин ирсэн. Улаанбаатар хотын захирагчийн А/17 дугаар захирамжаар 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр зогсоосон. Ингэснээр шилжин ирэлт 2017 онд өмнөх оноос 2.4 дахин, 2018 онд өмнөх оноос 1.6 дахин буурсан ч 2019 оноос эргээд нэмэгдсэн” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “...Улаанбаатарт яндан нэмэгдээд байгаа учраас зуухыг нь өгөх шаардлагатай” гэдэг логик энд үйлчилдэг байгаа юм. Чухамдаа энэ л олон жилийн туршид “…Утааны эсрэг утаагүй зуухаар л тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдвэрийн үндэс болж иржээ. Тэгэхээр “…Энэ жилийн зуух тараалт нь “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн сүүлчийн шийдэл нь байгаасай” гэж л хүсье дээ.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660775
0 эможи

keyboard_arrow_up