НЦУГ-ын хамт олон энэ оны ажлаа тайлагнаж, шилдэг хамт олон, алба хаагчдаа урамшууллаа
ЦЕГ-ын Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тайлангийн хурлаа зохион байгуулж, хамт олноо манлайлсан алба хаагчдаа шагнаж, урамшууллаа.
Арга хэмжээнд ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболд, НЦУГ-ын дарга Э.Товуудорж, Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин, НЦУГ-ын дэд дарга Ц.Сугаржав, Дэд дарга Баатар болон нийслэлийн 9 дүүргийн газар, нэгжийн алба хаагчид оролцлоо.
Үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ийн дарга, бригадын генерал Ц.Сүхболд хэлсэн үгэндээ "2024 онд олон нийтийн арга хэмжээ улс төрийн жагсаал цуглаан 702 хамгаалалтад хуульд заасан эрх үүргийн хүрээнд алба хаагчид ажилласан байна. Мөн нийслэлийн иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлийн олон арга хэмжээг иргэдтэйгээ хамтран хийлээ.
НИТХ-аас 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 38 эмзэг цэг, нийтийн тээврийн 30 автобусны буудалд камержуулалтыг байрлуулсан. Мөн камерын дэд төв, байцаалтын өрөөг шинэчлэн ажиллаж байна. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 771 алба хаагчийг шагнаж, 675 алба хаагчид цагдаагийн цол олгосноос гадна 20 алба хаагчид мөнгөн тусламж үзүүлээд байна. Түрээслээд өмчлөх орон сууцанд 100 алба хаагчийг хамрууллаа.
Ирэх онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орчин үеийн техник технологи, инновацийг нэвтрүүлэх, камержуулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдээ аюулгүй орчинд амьдруулах чиглэлийг баримтлан ажиллана." гэдгийг энэ үеэрээ онцоллоо.
Энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.