Уулын замд Хова машин Акуатай мөргөлдсөн осол гарч, нэг хүн амиа алджээ
Уулын замд өчигдөр /2025.04.06/ зам тээврийн ноцтой осол гарсан байна.
Тодруулбал, Бага тэнгэр, Залаат руу зорчих замд осол гарсан бөгөөд ачааны машин, суудлын тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ.
ТЦА-наас өгсөн мэдээллээр, цагдаагийн байгууллагад /2025.04.06/ 15:00 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны зүүн тал уулын зам дээр Хова маркийн тээврийн хэрэгсэл, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Ослын улмаас "Тоёота Акуа" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг зорчигч нас барж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж авч байна.
Шалгалтын явцад Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урсгал сөрсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Тухайн осол хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.








