НААДАМ-2023: Үндэсний их баяр наадам шагайн харваагаар ЭХЭЛЛЭЭ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваа өчигдөр шагайн харвааны асарт эхэллээ.
Баяр наадмын шагайн харваа өсвөрийн болон ахмад харваачдын (55-аас доош насны) харваагаар эхлээд байна.
Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирсэн өсвөрийн 10, ахмадын 21 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Үлэмж дархан, Дархан мэргэн, мөн гарамгай, харьшгүй мэргэн 20 гаруй харваач наадмын шагайн харваанд цэц мэргэнээ сорьж байгаа юм.
Шагайн харвааны насанд хүрэгчдийн харваа долоодугаар сарын 9-ний өдөр эхэлж, долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд үргэлжилж, 12-нд өсвөрийн 4, залуучууд, ахмадын дөрвөн баг шигшээд тунаж үлдсэнээр аварга багууд шалгарна.
Шагайн харваа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1998 оноос наадмын нэг төрөл болж, харваачдын цол, зэргийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болгон хуульчилсан юм.