Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Японд суралцах мянган инженер эхнээсээ батламжаа гардлаа

2015 оны 1 сарын 06

Монгол Улсад 30 мянган инженерийн эзгүй орон зай байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас анх удаа томоохон хөтөлбөр зарлаж, Японы Засгийн газрын зээлээр мянган инженерийг Япон улсад бэлтгэхээр болж, наймдугаар сараас бүртгэж эхэлсэн. Мөн Монгол дахь Коосэн сургуулийг ШУТИС-ийг түшиглэн байгуулаад одоогоор 46 оюутан элсүүлэн сургаж байна. 

Коосэн сургуульд шууд элсэн суралцах шалгалтыг олон шаттайгаар явуулж, өнгөрсөн сарын 19-ний өдөр БСШУЯ болон Жайкагийн Монгол дахь салбарт хариуг нь хүргүүлсэн байна. Эхний ээлжинд зургаан оюутан тус шалгуурт тэнцжээ. Тэд өчигдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөрөөс батламжаа гардлаа. Сайд батламж гардуулах үеэрээ “Оюутнууд маань Японы өөр өөр хотод байрлах Коосэний салбаруудад суралцахаар болсон. Коосэнд элсэх шалгалтыг цаанаас нь авсан учраас их хүнд байсан байх. Гэхдээ эхний оюутнууд тэнцээд батламжаа гардаж байна” гэсэн юм. 

Мөн инженерийн чиглэлээр суралцах нэг, магистр, доктор, зэргийн бус сургалтаар суралцах долоон багш, судлаач Япон улсад суралцаж, судалгаа хийхээр сонгогдож, батламжаа гардсан юм. Тэдэнд тавьсан гол шаардлага нь Японы тал хүлээн авах шаардлагад нийцсэн их дээд сургууль болон МУИС, ШУТИС-д тэргүүлэх чиглэлээр судалгаа хийдэг байх болон Япон улсын аль нэг их, дээд сургуульд элсэн суралцах урилгаа гардсан байх ёстой байж. Түүнээс гадна япон, англи хэлний өндөр мэдлэгтэй байхыг гол шалгуур болгосон юм билээ. Ингээд МУИС-иас гурав, ШУТИС-иас мөн гурав, ХААИС-иас нэг судлаач багш сонгогджээ.

1945 онд Япон улсын Хирошима хотыг бөмбөгдөж, аймшигт гарз хохирол учруулсан юм. Тэр хор хохирлоос гарахын тулд Япон улсын Засгийн газраас инженерийг олноор нь үр дүнтэй бэлтгэх Коосений сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. 15 настай хүүхдүүдийг элсүүлж, таван жилийн хугацаатайгаар сургадаг өндөр үр дүнтэй сургалт Японы эдийн засгийн хурдацтай өсөхөд нөлөөлсөн гэдэг. 


Л.Гантөмөр: Тэргүүлэх 40 чиглэлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэнэ 

/БСШУ-ы сайд/

-Япон улсад 1000 инженер бэлтгэхээр болж, анхны элсэгч 13 хүнд батламжийг нь гардууллаа. Энэ тоог цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-ШУТИС дээр Нагояагийн их сургуультай хамтраад 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгаа хийгээд дуусч байна. Япон руу гурван багш явуулж хөтөлбөрийн судалгаа хийлгэж байгаа. Мөн Японоос ч багш нар ирсэн. Энэ 2+2 хөтөлбөрийн хүрээнд энэ оны аравдугаар сарын 1 гэхэд Японд 30-50 оюутан сургахаар хэлэлцээр хийсэн. Ингэж суралцвал Монголоос 4-5 багш мөн Японд ажиллана. Коосэнд суралцахаар бэлтгэж байгаа 40 гаруй залуу маань наймдугаар сард шалгалтаа өгнө. Тэд бүгд тэнцэнэ гэдэгт итгэж байна. Энэ удаа Жайка олон улсын байгууллага, Япон улсын Засгийн газрын тусламжаар Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах анхны оюутнууд маань батламжаа гардлаа. Энэ залуус маань цалинтай суралцахаараа онцлог болж байна. 

-Засгийн газрын тэтгэл­гээр суралцах хүмүүс ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа вэ?
-30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газар зээлээ эргүүлэн төлөх юм. Тийм учраас төгсч ирсэн залуус маань эх орондоо ирээд таван жил заавал төрийн байгууллагад ажиллах ёстой. Мөн суралцах хугацаандаа эх орондоо хагас жилийн хугацаатай дадлага хийнэ. Ингэснээр ажлын байрны өрсөлдөөнийг идэвхжүүлж бай­гаа юм. Суралцахаар явж байгаа оюутнуудтайгаа ха­­­­­риуц­лагын гэрээг хийж байгаа. 

-Энэ ондоо өөр оронд оюутнуудыг суралцуулах ямар ажил яамны зүгээс зохион байгуулах вэ?
-ОХУ-д 200, БНХАУ-д 200 оюутан энэ жилдээ явуулж сургана. Аль алинтай нь 1000 оюутан сургах хэлэлцээр хийсэн. Мөн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнуудад уламжлал ёсоор тэтгэлэг өгнө. 

-Инженерийн чиглэлээр үү?
-Японд бол инженерийн чиглэлээр сургана. ОХУ, БНХАУ-д технологийн чиг­лэлээр суралцуулна. Мөн ХБНГУ-д технологийн чиг­лэлээр оюутнуудаа сур­гахаар хэлэлцээр хийж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас тэр­гүүлэх 40 чиглэлээр гадаа­дад мэргэжилтэн бэлтгэх бодлого барьж ажиллаж байна. 


Л.Ганбат: Шалгалт хүнд байсан ч хичээсний эцэст амжилтад хүрлээ

/Коосэн сургуульд элсэгч/

-Ямар чиглэлээр су­ралцах вэ?
-Шалгалт хүнд байсан ч хичээсний эцэст амжилтад хүрлээ. Ибараки Коосэнд Цахилгаан электроникийн системийн инженерчлэлийн чиглэлээр суралцахаар болсон. 

-Япон хэлний хоёр­дугаар шатнаас дээш мэдлэгтэй байх ёстой гэсэн шалгуур байсан. Хаана хэл сурсан бэ?
-Монголдоо бие даагаад гурван сар судалсан. Аравдугаар ангидаа нэг жил Японд очиж ахлах сургуульд суралцаад ирсэн. 

-ЕБС төгсөөд Коосэнд элсэх хүсэлтэй байгаа хүүхдүүдэд юу зөвлөх вэ?
-ЭЕШ-ын оноогоо өндөр авах ёстой. Шалгуур нь япон хэлний хоёрдугаар шатнаас дээш байх ёстой учраас хэлээ сайн эзэмшсэн байх ёстой. 


Г.Батцогт: Гурван удаа хэлний шалгалтад орсон

/Коосэн сургуульд элсэгч/

-Ямар сургууль төгссөн бэ. Коосэнд ямар чиглэлээр суралцахаар болов?
-Өмнө нь би Японы Нисэхийн академи төгссөн. Одоо Коосэнд Цахилгаан эрчим хүчний инженерийн чиглэлээр суралцахаар явахаар боллоо. Сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүчний чиглэлээр суралцахаар шалгалт өгөөд тэнцсэн. 

-Коосэноос шалгалт авсан учраас монгол оюутнуудын хувьд хүнд байсан гэсэн. Чиний хувьд хэр байв?
-Японд зургаан жил амьдарсан учраас хэлний шалгалт гайгүй байлаа. Япон хэлний хоёрдугаар зэргээс дээш мэдлэгтэй байх шалгуур тавиад хэлний шалгалтыг гурван ч удаа авсан. Хоёр удаа Монголд ярилцлагад ороод японоос ирсэн багш нартай ярилцлага хийсэн. Олон удаагийн шаталсан шалгуураар орсон. 

-Аль Коосэнд суралцах вэ?
-Канагава Коосэнд суралцана.


О.Банзрагчгарав: Тоохокүгийн их сургуульд эм зүйн чиглэлээр доктор хамгаална

/Японд суралцах оюутан/

-Засгийн газрын тэтгэлгээр Японд докторын зэрэг хамгаалах болсонд баяр хүргэе. Ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ?
-МУИС-ийг биотехнологичийн мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн онд магистрийн зэрэг хамгаалсан. Одоо үргэлжлүүлээд Японы улсын Тоохокүгийн их сургуульд эм зүйн чиглэлээр доктор хамгаалахаар явах гэж байна. Монгол орны ургамлуудын биологийн идэвхит нэгдлүүдийг судалж, ямар эм хийж болох талаар судална. 

-Шалгалт хэр хүнд байсан бэ?
-Магистр, доктор, зэргийн бус сургалтын тэтгэлэгт хамрагдагсад МУИС, ШУТИС-д судалгааны ажил хийдэг байх шалгуур тавьсан. Мөн хэлний мэдлэг, хамгийн хэцүү нь Япон улсын сургуульд суралцах сургуульдаа хүсэлт гаргаад, урилгаа авсан байх ёстой байсан. 

-Японд суралцахын тулд хэзээнээс бэлтгэж эхлэв?
-2009 оноос хойш Батхүү багшийн лабораторт судалгаа хийдэг байсан. Бид Япон улстай холбоотой хамтарч ажилладаг байсан учраас тэр үеэс л японд суралцахаар бэлтгэгдсэн гэж хэлж болно. 

-Эргэж ирээд хаана ажиллахаа бодсон уу?
-Энэ хөтөлбөрт хамрагдсанаар эх орондоо заавал таван жил ажиллах ёстой. Миний хувьд гурван жил суралцаж ирээд сургуульдаа үргэжлүүлээд ажиллана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15108
0 эможи
keyboard_arrow_up