Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 1 сарын 14

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.08-2015.01.14/

 

БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаа: Оюутнуудад олгодог тэтгэлгийн шалгуур өндөр байх нь зөв 

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутнуудад үндэсний тэтгэлгийг олгохдоо сурлагын чанарыг харж олгоно гэж ярьсан. Одоохондоо БСШУЯ болон Сургалтын төрийн санд энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй. Хэрэв тогтоол нь гарчихвал журмынхаа дагуу дүнгийн голч оноо нь хүрэхгүй байгаа оюутнуудыг хасна. Нэг үгээр хэлэхэд оюутнуудад олгодог үндэсний тэтгэлгийн шалгуур өндөр болж байна. Улсын төсөв хүнд байгаа энэ үед ийм шийдвэр гаргах нь зөв. Улсын төсөвт хэмнэлт хийгээд амжилттай суралцдаг оюутанд олгох хэрэгтэй. Түүнээс биш хичээл хийдэггүй, муу сурдаг оюутнуудад ард түмний татварын мөнгийг өгөх хэрэггүй. Монгол Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 165 мянган оюутан үндэсний тэтгэлэг авсан. Харин энэ хичээлийн жилд 45 мянган оюутанг хасч, 121 мянга гаруй оюутанд 70200 төгрөг олгосон. Дүнгийн голч 2.0 гэдэг нь оюутнуудын хувьд өндөр үзүүлэлт биш. Тасалсан, муу сурдаг оюутнууд хасагдсан. /Монголын үнэн 2015.01.08 №004/

БСШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга: Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардалд жилд 17 тэрбум төгрөг өгдөг 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ажлын хэсэг гарч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсрууллаа. Би энэ Ажлын хэсэгт ажилласан. Ерөнхийлөгчийн санаачилсан Бичил цэцэрлэг буюу Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдвал цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, хувьсах зардал болон хоолны мөнгө авна. Хувийн цэцэрлэгийг зориулалтын орчин бүрдүүлсэн газар, нэг төвд 20-иос илүүгүй хүүхэд байлгах ёстой. Зориулалтын орчин бүрдүүлсэн газарт тусгай зөвшөөрөл олгосноор үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Тэрнээс хүн амьдарч байгаа айлд хүүхэд цуглуулаад харж болохгүй. Үүнээс гадна хувийн цэцэрлэгүүдийн хувьсах жилд дунджаар 17 тэрбум төгрөг олгодог. /Өнөөдөр 2015.01.09 005/

Сэтгүүлч: Хувьсах зардлаар хүүхдүүдийг шоовдорлохоо болиосой 

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар монголчууд 2.995.949-үүлээ болж, 2014 онд хамгийн олон буюу 82.839 хүүхэд төржээ. Монголчууд олуулаа болж буй нь сайн хэрэг ч саар зүйл бас байна аа. Хүн ам өсөхийн хэрээр шоовдор хүүхдийн тоо нэмэгдэх нь. Улсын, хувийн, хувилбарт, тусгай, гэр цэцэрлэг гээд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан гэж хэлж болох бүхнийг оруулахад улсын хэмжээнд таван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Нийслэлд л гэхэд цэцэрлэгийн насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь шоовдорлогдож буй. Тодруулбал, 2-5 насны 106.560 хүүхдийн 25.077 нь цэцэрлэг хүрэлцээгүйгээс болж сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэггүй. Мөн хувьсах зардал болон хоолны мөнгө авалгүй хохирдог. Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүд, тэдний эцэг эх төрөөс дэмжлэг авч чадахгүй ялгаварлагддаг гэсэн үг. НҮБ-ын Хүн амын сангаас 2013 онд хийсэн судалгаагаар харах хүнгүйгээс болж жилд 95 буюу сард дунджаар 15 хүүхэд энддэг гэсэн сэрдхийм дүн гарчээ. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Хувьсах буюу норматив зардал гэдэг бол нэг хүүхдийг сургахад гарч байгаа үйл ажиллагааны зардал бөгөөд үүнийг улсын төсвөөс цэцэрлэгүүдэд олгодог. Энэ нь нийслэл, аймаг, сумын цэцэрлэгээсээ хамаараад жилийн 705.500-871.600 төгрөг байдаг аж. Тодруулбал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нийслэлд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа нэг хүүхдийг сургахад улсын төсвөөс сард 70.500, жилд 705.000 төгрөг зарцуулдаг. Ингээд зогсохгүй улсаас хоолны мөнгө гэж нэг хүүхдэд сард нэмж 36.300 төгрөг олгодог. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын аль ч цэцэрлэгт хамрагдаж байгаа нэг хүүхдэд сард 116.800 төгрөг улсаас олгодог хэрнээ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаад нь нэг ч төгрөг өгдөггүй нь төр хүүхдүүдээ шоовдорлож буй хэрэг биш гэж үү.  /Өнөөдөр 2015.01.09 005/

Сэтгүүлч: Оюутнууд 70 мянгаас сайн дураар татгалзаж, 32 тэрбум төгрөг хэмнэхийг санал болгов 

Гурван жилийн өмнөөс дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг буюу олны нэрлэж заншсанаар 70 мянган төгрөг олгож эхэлсэн. Улсын төсвөөс жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг тус тэтгэлэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 300 гаруй тэрбум төгрөг зарцуулаад буй. 
2014-2015 оны хичээлийн жилд гэхэд 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон. Гэвч байнга шүүмжлэлийн бай болсоор ирсэн оюутны 70 мянга эдийн засаг хямралтай өнөө үед улсын төсөвт хүнд ачаа болж, тэтгэлэг авах босгыг өндөрсгөх замаар зардал хэмнэх тухай санал хаа хаанаасаа гарах болсон. Эрх баригчдын зүгээс, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ тухай байр сууриа илэрхийлж ирсэн ч гагцхүү оюутнууд л өнөөг хүртэл 70 мянгынхаа талд бат зогссоор ирсэн билээ. Тэгвэл Монголын оюутны холбоо болон 20 гаруй их, дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга өчигдөр олон нийтэд хандан, 70 мянгаас “татгалзаж” байгаагаа зарлалаа. Тэд улс орныхоо өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд үндэсний тэтгэлэгт зарцуулж буй улсын төсвийг 32 тэрбум төгрөгөөр хэмнэх санаачилга гаргажээ. Үүний тулд үндэсний тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах хэд хэдэн санал гаргаснаа танилцуулав. Үндэсний тэтгэлгийн босго голч оноог 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмыг 3.0 болгон нэмэгдүүлж, тус болзлыг хангасан оюутан суралцагчдад л 70 мянгыг олгох санал гаргажээ. Ингэснээр 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгож, өмнөхөөс даруй 32 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болох юм. Мөн магистр болон док­торын шатлалын сурал­цагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохыг зогсоосноор 4.8 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтойг ч тооцсон байна. Түүнчлэн сургалтын бай­гууллагын ча­нарын түв­шинг харгалзах, та­вигдах шаард­лагыг нэмэг­дүүлэх чиглэ­лээр журмыг шинэч­лэн най­руу­лах, голч дүн­гээс гадна ту­хайн оюутны амь­жиргааны түв­шин, ха­гас бо­лон бүтэн өн­чин бай­дал, хөгж­­лийн бэрх­шээл­тэй бол голч дүнгээс үл хамаа­ран тэт­­гэл­гийг олгох нь зүйтэй гэж үзжээ. /Ардчилал 2015.01.04 №04/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15730
0 эможи
keyboard_arrow_up