Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
2014 оны 2 сарын 06
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. Улаанбаатар хотын цагаар 09:00 цагт бүртгэл эхэлж дөрөвдүгээр сарын 22-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn веб сайтаар бүртгэнэ. Харин интернет ашиглах боломжгүй хөдөө орон нутгийн элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс тусгайлсан эрх олгосон бүртгэгчид биечлэн бүртгэх ажээ. Элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх,нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр авах юм байна.
Элсэлтийн шалгалтад бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэн, харъяалалгүй хүний Монгол Улсад оршин суух үнэмлэх/-тэй байна.
- Өнгөт цээж зураг /цээж зураг нь сүүлийн гурван сарын дотор авахуулсан, 150х200 пиксель хэмжээтэй, 75 dpi нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нүдний шил болон малгайгүй байна/. Бүртгүүлэхдээ зургийг зөвхөн нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй болно.
- Энэ онд төгссөн шалгуулагч бүртгэлд оруулсан зургийн нэг хувийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтанд хураалгана.
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг /энэ нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна/.
- Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ-д бүртгүүлэхдээ тухайн улсын сургуулийн бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичгийг БСШУЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
- Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Монгол шуудан банк, Хас банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлнэ.
- Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.
- Бүртгэлийг амжилттай хийсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авах ажээ. Нэмж хэлэхэд, шалгалтын хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг холбогдох албанаас мэдэгдэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
219
0 эможи