Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нэг ангийнхан гэдгээ ч мэдэхгүй байгаа НЭГ АНГИЙНХАН

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

Эцэг, эхчүүдийг сургуулийн үүднээс буцаагаад нэгдүгээр ангийнхныг багш нар нь анги анги руугаа дагуулаад орууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хошой тэргүүний “Шавь” цогцолбор сургууль өнөө жил нэгдүгээр ангийн “К” хүртэлх бүлэгт зургаан настнуудыг авчээ. “Нэг ангийнхан” буландаа Ц.Төгсбаяр багштай нэгийн “Б” ангийнхныг урилаа.

13 цагт ангидаа орчихсон байх ёстой. Гэвч ганц хоёр хоцорсон хүүхдүүдийг хүлээж авсны дараа ирцээ бүртгэлээ. Ангийн багш Ц.Төгсбаяр “Хүүхдүүд ээ, багш нь юу гэж хэллээ. Багштайгаа зэрэгцэж ярьж болохгүй гэсэн шүү дээ”, “Та нарыг ингээд бүгд яриад байхаар найзынх нь дуу сонсогдохгүй байна” гэж бяцхан сурагчдадаа байн байн сануулах боловч нэмэргүй. Нэгнийх нь нэрийг дуудахаар энд тэнд зэрэг зэрэг “Байна”, “Байна”, “Байна” гэнэ. Багш “Нэрийг нь дуудсан хүүхэд л өөрийнхөө нэрийг сонсоод гараа өргөх ёстой” гэж хэлээд ч тусыг олсонгүй. 50 гаруй хүүхдийн нэрийг нэг бүрчлэн дуудаж ирц авсны дараа багш нэг сурагчийнхаа цүнхийг өргөөд “Энэ юу вэ” гэвэл бүгд нэгэн зэрэг “Цүнх” гэв. Цүнхэндээ байгаа бүх юмаа ширээн дээрээ гаргаарай гэж хэлэнгүүт сурагчид цүнхээ ухаж дотор нь байгаа юмнуудаа дэлгэлээ. Дэвтэр, зургийн дэвтэр, харандаа, балны сав, гялгар уут, даавуун ууттай аяга таваг, халбаганы иж бүрдэл, алчуур, хуурай, нойтон сальфетка гээд эд зүйлсээ ширээн дээр гаргалаа. Багш хичээлийн хэрэгслүүдийг нь нэг бүрчлэн танилцуулсны дараа буцаагаад цүнхэнд нь хийхэд дахин сануулж “Энэ юу билээ” гэж асуув. “Дэвтэр, өнгийн харандаа, өнгийн цаас, зургийн дэвтэр, пиналь (үзэг, харандааны сав), хайч, шугам, баллуур, цавуу, харандаа, бал, үзүүрлэгч” гэж нэг нэгээр нь нэгэн зэрэг чанга нэрлэцгээв. Багш “Энэ бүгд нийлээд юу билээ... Тийм ээ, хичээлийн хэрэгсэл” гэв. Мөн “Энэ цүнх хүнд байна. Хүнд цүнх үүрвэл яах билээ” гэтэл нэг хүүхэд “Жижгэрнэ” гэв. Бас хэдэн хүүхэд “Нуруу” гэв. Багш “Хүнд цүнх үүрвэл нуруу өвдөнө. Тийм болохоор яах билээ, хөнгөн цүнх үүрэх ёстой” гэж сануулав. Проро, лего, Супермен, “Frozen”-ын Алиса, Анна гээд хүүхэлдэйн кино, тоглоомын баатруудын зурагтай цүнх, дэвтэр, бал харандаа, үзүүрлэгч гээд зүсэн зүйлийн хичээлийн хэрэгсэл ширээнүүд дээр эрээлжилж, хаа сайгүй гялгар уут шажигнаж, хүүхдүүд цүнх, саваа нэгжээд тун завгүй болцгоов. Хөвгүүдийн цүнх бор, цэнхэр, хөх, хар өнгө голлодог бол охидын цүнх, харандааны сав буюу пиналь гээд бүх эд зүйлс нь гялалзаж гялтганасан саатай, шигтгээтэй ягаан, шар өнгөтэй. Охидын цүнх эмх цэгцтэй, хичээлийн хэрэгслээр дүүрсэн бол хөвгүүдийн цүнхэнд аяга, таваг, халбаганы иж бүрдэл байх нь тэр. Гялгар уутнаас нь гаргаагүй, шив шинээрээ. Тэр бүү хэл нэг хүү ширээн дээрээ шаазан аяга, сэнжтэй шаазан аяга гаргаад тавьчихаж. Тэгтэл хоёрдугаар эгнээний гуравдугаар ширээнд сууж байсан хөвгүүн коршоокон малгай гэж ярьдаг даа, хээр хөдөө явахаар өмсдөг, цэргийн хээрийн хувцас, майхны нэг тийм эрээн өнгөтэй. Тийм малгайг дараад өмсчихсөн сууж байна. Багш нь “Хүүе ээ, малгайгаар яах нь вэ. Тайлаарай” гэв.

Хичээл эхлэв. Багш “Харандаагаа зөв бариарай” гээд харандаагаа хэрхэн зөв барихыг агаарт барьж үзүүлэв. “Багш аа, би зөв барьж байна уу”, “Багш аа, намайг хар даа”, “Энэ зөв үү”, “Би зөв барьж чадаж байгаа биз дээ, би бүүр дөрвөн настай байхдаа барьж сурсан юм чинь” гээд энд тэнд ам амандаа ярьж багшаа дуудна. Мэдээж тавин хэдэн хүүхэд дээр зэрэг очиж чадахгүй учир Ц.Төгсбаяр багш хүүхэд нэг бүр дээр очиж, харандааг нь зөв бариулна.

Гуравдугаар ширээний ард зогсож байсан над руу хоёрдугаар ширээний арынхан болон гуравдугаар ширээнийхэн бүгд гараа харуулж “Багш аа, би зөв барьж байна уу” гээд харцгаав. Чадах чинээгээрээ л харандааг нь зөв бариулав.

Ц.Төгсбаяр багш самбарт эмч, цагдаа, сурагч, засварчны зурагтай хуудас наагаад “Эдгээр хүмүүст юу юу хэрэгтэй билээ. Хэрэгтэй эд зүйлтэй нь холбож зураарай” гэлээ. Хүүхдүүд тараасан цаасан дээрх цагдаа, эмч, сурагч, засварчны зургийг чагнуур, цүнх, бороохой, багажны хайрцагтай харандаагаар холбож зурах байлаа. Багшийгаа ярихад хүүхдүүд огт өөр зүйл, хичээлд хамааралгүй ч гэмээр юм ярина. Зарим нь аль түрүүнд асуусан асуултад хариулж байгаа харагдана. “Ээжийнхээ утасны дугаарыг бичүүлээд ирсэн”, “Манайд ийм бороохой байгаа юм чинь” гээд чангаар бүгдэд сонсогдохоор ярина. “Багш аа, ингэж холбоно тийм ээ”, “Энэ хоёрыг холбоно, тийм ээ” гээд дахиад л хүүхдүүд эргэж хараад намайг дуудаж цаасаа үзүүлэв. Юуг, юутай яаж холбохыг нь заалаа. Үүний дараа хүүхдүүд цүнхний зургийг будах байв. Ж.Марал, Г.Буяндалай нар цүнхээ өнгө өнгөөр ялгаад ихэд сайхан буджээ. Хүүхдүүд харин будах хичээлдээ бол багшаа тэр болгон дуудсангүй шүү. Тэгтэл гуравдугаар салааны урдуур сууж байсан Б.Чинхүслэн хамрынхаа хоёр нүх рүү хоёулан руу нь харандаа чихчихсэн эргэж хараад арын хүүхдүүдээ инээлгэж байдаг байгаа. Сандарсандаа болохгүй, аюултай гэдгийг сануулж дохио өгвөл харандаагаа ашгүй авчихлаа шүү. О.Мөнх-Эрдэнэ, Г.Чингүүн Б.Чинхүслэн, Г.Чинзориг, Т.Содномдорж, Ж.Марал нараас “Ангийнхнаа хэр таньдаг вэ”, “Найзуудынхаа нэрийг мэдэх үү”, “Та нар нэг ангийнхан мөн үү” гэж асуусан чинь “Найзтай. Найзаа чамайг хэн гэдэг билээ”, “Багш аа, ангийнхан гэж юу вэ. Аль анги вэ”, “Найзынхаа нэрийг мартчихаж”, “Багшийн нэр үү. Мартчихсан байна. Ээжээсээ асууя” гэсэн хариулт өгцгөөв. Тэд “Бид хамтдаа дөрвөн жил сурах байх даа” гэцгээж байлаа.

Дээхнэ үед бол нэгдүгээр ангид ороод л номхон суухыг эхэлж сурдаг байсан сан. Эгц урагшаа хараад, нуруугаа цэхлээд ширээн дээр зүүн гаран дээрээ баруун гараа тавиад юм ярихаар бол баруун гараа өргөж “Багш аа, би” гэж зөвшөөрөл авдаг байсан. Харин зургаан настнуудын хувьд эрх чөлөөтэй, нэг их хүлээс, тушаал, сахилгад баригдахгүй хэрнээ багшийгаа юм хэлэхэд анхаарах нь сайн юм. Харин анхаарал нь хэдхэн секунд хэртэй л тогтдог бололтой. Багш “Чишшш...чимээгүй хүүхдүүд ээ. Та нарыг зэрэг зэрэг яриад байвал бусдын чинь яриаг багш нь сонсохгүй шүү дээ” гэж их зөөлөн аргадаж, ойлгуулна. Урагшаа цэх хараад суудлаасаа босохгүй номхон сууж байгаа хүүхэд алга. Хүн эвшээж байгаа хүнийг хараад дагаж эвшээдэг рефлекстэй. Тэр рефлекс бол энэ ангийнханд ёстой сайн бололтой. Нэгдүгээр салаанд нэг нь эвшээвэл, нөгөө хоёр салааны аль нэг ширээний хүүхэд заавал үргэлжлүүлж эвшээнэ. Багш хүүхдүүддээ ярьж, самбар дээр юм зааж байхад зарим хүүхэд эргэж хараад суучихна. Ангийн ханан дахь самбар, үзүүлэнг сонирхоно. Цүнхээ онгично. Ширээн дээрээ байсан ус, ундаа, жүүснээсээ байн байн ууна. Ширээ дэрлэнэ. Тэгтэл багш “Энэ их халуунд наад малгай чинь юу вэ. Яагаад малгайгаа өмсчихөөд байгаа юм бэ” гээд өнөө хоёрдугаар салааны хүүд хандаж хэлбэл цаадах нь бушуухан шиг малгайгаа аваад цүнх рүүгээ хийхээр тонгойлоо. Багш юм ярьж, зааж зааварлаж байхад огт өөр сэдвийн юм ярина, өөр сэдэвтэй юм асууна. Хөндлөнгөөс харахад инээдэмтэй ч багш тэр болгонд асуултыг нь хоосон буцаахгүй.

Багш сурагчдаас “Нэг ангийнхан гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бол. Та нар нэг анги мөн үү” гэвэл хүүхдүүдийн гараа өргөх нь өргөөд, босох нь босоод, ярих нь ярина. “Хамт тоглоно”, “Хамт хичээлээ хийнэ”, “Хамт зурагт үзнэ”, “Хамт хоолоо иддэг”, “Хамт гадаа тоглодог”, “Би найзыгаа халбагагүй ирэхэд халбагаа өгдөг”, “Найзтайгаа зодолдож болохгүй”, “Найзтайгаа эв найртай байх ёстой”, “Найзтайгаа найрамдалтай байх ёстой” гэж хүүхэд бүр бодлоо хуваалцав. Ангийн багш Ц.Төгсбаяр “За хүүхдүүд ээ, нэг ангийнхан гэж тэгэхээр ямар хүмүүсийг хэлэх нь вэ. Хамтдаа тоглож, хамтдаа хичээлээ хийж, хамт хоолоо идэж, нэгэндээ тусалж, эв найртай хамт байдаг хүүхдүүдийг хэлэх нь байна, тийм үү” гэвэл “Тийм ээ” гэлээ.

Зургаан настнууд бол эцэг, эх, эмээ өвөөгийн хайр халамжинд зургаан жил бөмбөрсөн айлуудын хамгийн өхөөрдөм, хүн бүрийн хайрыг татсан хайрын эзэд байдаг. Тэд хэдийгээр сурагч болж, дөнгөж гурав дахь өдрөө л сургуульдаа ирж, ангидаа сууж байгаа ч уйлж, дуугаа хураах нь харьцангуй багассан байдаг бололтой. Зургаан настай 50 гаруй хүүхэдтэй ангид ганцхан багш ажиллана гэдэг нэлээд чанга юм билээ шүү. Багш хүүхэд тус бүртэй тулж ажиллахад цаг их ордог юм байна. “Сурвалжлагч, гэрэл зурагчин хоёр манай ангийн тухай сонинд нийтлэл бичихээр иржээ” гэж танилцуулсан ч гэлээ зургаан настнуудын хувьд ангид нь орж ирсэн том хүн болгон багш. “Багш аа, багш аа” гэж дуудаж “Энийг ямар өнгөөр зурах вэ, энийг ингэж холбох нь зөв үү, би цүнх зурж чадахгүй байна, надад энийг заагаад өгөөч, би алийг будах вэ, би одоо юу хийх вэ” гэж асуултаар булж, ширээнээс ширээнд дуудаж, салаанаас салаа руу явуулж байлаа. Хүүхэд дуудаж байхад очихгүй байлтай биш. Нэгэнд нь юм зааж байхад эргэн тойрны хүүхэд бүгдээрээ зурсан зургаа үзүүлж “Багш аа, энэ болж уу” гэж асууна. Айхавтар хашгирч, уйлж унжихгүй ч хоорондоо ярилцах нь, багшаасаа асуух нь, “Багш аа” гэж дуудах ер дуусдаггүй юм байна. Бага ангийн багш, тэр дундаа зургаан настай хүүхдүүдийн багш байхад хүнээс асар их тэвчээр ухаан, төлөвшил шаарддаг нь тодорхой аж. Гуравдугаар ширээний хөвгүүдээс “Та нар нэг анги мөн үү” гэвэл түрүүхэн багшийнхаа хариултад нэгэн зэрэг “Тийм” гэж хариулснаа мартав бололтой “Нэг ангиа, багш аа. Юу гэсэн бэ. Нэг ангийнхан гэж юу вэ” гэж анх удаа сонссон аятай гайхан асууснаа “Би цүнхээ гоё будчихсан. Хар даа” гээд будсан зургаа харуулав. Зарим нь асуултад хариулахгүй таг дуугүй өөдөөс харна. “Та нар бүгдээрээ нэг ангийнхан шүү. Нэгийн “Б” гэсэн анги шүү. Хамтдаа олон жил сурна, за юу” гэвэл “Хэд, дөчин хоног уу” гэж асуув.

Нэгийн “Б” ангийн багш Ц.Төгсбаяртай завсарлагааны үеэр цөөн хором ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ багшилж байгаа вэ?

-Би 12 дахь жилдээ багшилж байна.

-Зургаан настнуудын хэд дэх ангиа авч байна вэ?

-Гурав дахь удаагаа зургаан настай сурагчдыг хүлээн авч байна.

-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

-54 хүүхэдтэй. Сургуулийн зүгээс өнөөдөр ширээ, сандал нэмж тавихаар гурваараа суусан хүүхдүүд маань хоёр хоёроороо суучихаар сурахад их тухтай болно доо. Бас сурах бичиг ирж байгаа. Үдээс хойш авна.

Манай хүүхдүүд сургуульд дөнгөж орж байгаа болохоор бие биеэ танихгүй. Нэг анги гэдгээ мэдэхгүй байгаа. Хичээлийн эхний өдөр бүгдийг нь танилцуулж, анги хамт олон гэж юу вэ, бие биедээ яаж тусалдаг зэрэг ойлголтуудыг өгсөн ч даанч мартчихсан (инээв). Хажуудаа сууж байгаа хүүхдийнхээ нэрийг ч тогтоож амжаагүй л байгаа байхгүй юу. Өнөөдөр хамтдаа сууж байгаа гурав дахь өдөр нь. Эхний өдөр хичээлдээ ирчихээд маргааш нь нийтийн амралт гээд амарчихсан болохоор мартах нь аргагүй юм.

-Хэдий танай ангийнхан одоо нэг ангийнхан гэдгээ ойлгохгүй байгаа ч нэг ангийнхан шүү дээ. Хожим нь сургуулиа төгсөөд насан туршдаа нэг ангийнхан гэж явахаа мэдэхгүй байгаа ч дараа жилийн өдийд 35 үсгээ мэдчихсэн, үг холбоод уншчихдаг болчих учраас манай сонины энэ нийтлэлийг уншаад нэг ангийнхан гэдгээ мэдэх байх гэж бодож байна шүү?

-Нэгдүгээр ангиасаа хамт сураад 12 дугаар ангиа төгстөлөө нэг анги, нэг хамт олон болж явж байгаа учраас нэг ангийнхан гэдэг нэгэндээ тустай дэмтэй, биенээ дэмждэг, хүндэлдэг байх ёстой. Тийм хүмүүсийг л нэг ангийнхан гэнэ. Миний хувьд зөв хүн байх талаас нь л хүүхдүүддээ маш их захиж хэлдэг дээ. Нэгнийхээ үгийг хүлээж авдаг, сайн сонсох л хэрэгтэй дээ. Тэгж байж л нэг анги, хамт олон болдог.

Д.Гансаруул

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Эх сурвалж: Өдрийн сонин

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
608028
4 эможи

keyboard_arrow_up