Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

52 ширхэг хөзрийг 17-хон секундэд цээжилсэн авьяастан

2019 оны 9 сарын 27

Arslan.mn

Орчин цагийн хүүхэд залуусын ой ухаан, цээжлэх чадвар дээд зэрэгт хүрчээ.

Энэхүү авьяасаа нээн илрүүлж дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн тамирчдын нэг бол Э.Лхагвадулам. Чаддаг зүйлээрээ эх орноо сурталчилж, аав, ээжийнхээ нэрийг цуурайтуулна гэдэг юутай бахархам.

Өөрийн амжилтаа “Гиннесийн ном"-д бүртгүүлсэн түүнийг энэ удаа онцолж “Шинэ танил” буландаа урилаа. Уг нь бол тэр хэдийнээ дэлхийд танигдсан. Гэвч монголчууд тэр бүр сайн танихгүй, мэдэхгүй.

Э.Лхагвадулам ДАШТ-ээс есөн медаль хүртэхдээ хоёртын тоолол төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Улмаар 30 минутад 5,597 цифр цээжлэн, алдалгүй санасан амжилтыг нь “Гиннесийн ном”-д бичих болсноор бахархахгүй байх аргагүй.

“Ажнай” корпораци, Монголын оюун ухааны академийн тамирчин тэрбээр ой тогтоолтоор гурван жил хичээллээд ийм амжилт гаргасны сацуу дэлхийн өсвөр үеийн 10, насанд хүрэгчдийн хоёр дээд амжилтыг эзэмшсэнээс гадна их мастер цолд хүрчээ. Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадуламын ярилцлагыг хүргэе.

-Өнгөрсөн он таны хувьд мартагдахгүй сайхан жил болж өнгөрчээ. Дэлхийн дээд амжилтыг шинэчлэхдээ “Гиннес”-т бүртгүүлээд л... Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Юун түрүүнд биднийг амжилт гаргахад дэмжин, хурдан шуурхай мэдээлэл хүргэж байдаг хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа. Өнгөрсөн он үнэхээр сайхан байлаа. Оны өмнө Хонг Конгт зохион байгуулсан 27 дахь удаагийн ДАШТ-д өсвөр үеийн ангиллын 10 төрөлд оюунаа сорихдоо дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Насандаа дэлхийн дэд аварга болж, багаараа хүрэл цом өргөлөө.

Тэгэхдээ хоёртын тоолол төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилснийг минь “Гиннесийн ном”-д бичих болсон нь баяр дээр баяр нэмсэн. Ийм сайхан амжилтаар 2018 оныг үдсэн болохоор өмнөх шинэ жилүүдээс илүү гоё, утга учиртай байлаа. Ээж, бид хоёрын хувьд хамгийн сайхан дурсамжтай жил.

-Ийм амжилт гаргана гэж бодож байв уу?

-Төсөөлж ч байгаагүй. ДАШТ-д өрсөлдөхдөө чансаагаа ахиулъя, өсвөр үеийн дэлхийн хошой аварга больё л гэж зорьсон. Ой тогтоолт хэмжигдэхүүнтэй спорт тул багцаа авах боломжтой.

Тамирчид бие биеийнхээ амжилтыг андахгүй. Тиймээс тухайн тэмцээнд ямар амжилт гаргахаа багцаалахад дөхөм байдаг. Хэр баргийн тамирчин бэлтгэлийн үеэрх амжилтаа томоохон тэмцээнд давтаж, ахиулж чаддаггүй. Үүнд сэтгэл зүй нөлөөлдөг байх. Би бэлтгэлийн үеэр 30 минутад 6,000 гаруй цифр цээжлэн, тэр хавьцаа дөхүүлж санасан.

Түүнийгээ ахиулахгүй юм гэхэд давтахад л дэлхийн дээд амжилтын эзэн болох боломжтой байв. Тиймээс бүх зүйл надаас л шалтгаалсан. Энэ жил ДАШТ-д өрсөлдөхдөө 5,597 цифр алдалгүй санаснаар дэлхийн дээд амжилтын эзэн болсон. Ийм амжилтыг өмнө нь олон улсын их мастер Н.Энхшүр (5,445) эзэмшиж байсан. Түүний амжилтыг 152 цифрээр ахиуллаа.

-Хоёртын тоолол төрлийн дүрмийг сонирхуулахгүй юу?

-Цээжлэх тоонууд зөвхөн тэг, нэг гэсэн хоёр цифрээс бүтнэ. Тэгэхдээ 001, 10, 111 мэт өөр. Эсвэл 11, 11 гээд давхардаж байрлаж болно. Нэг нүүр 25 мөртэй. Мөр тус бүр 30 цифртэй. Тэгэхээр нэг нүүр 750 цифртэй гэсэн үг.

Энд, тэнд нь байрлуулсан тоонуудыг 30 минутад тогтоон, цагийн дотор алдалгүй санадаг. Түүнийгээ яг дарааллынх нь дагуу цаасан дээр бичнэ. Тэгэхдээ тухайн мөрнөөс нэг цифр алдвал 15 оноо авна. Хоёрыг буруу санавал оноо авахгүй. Цагтаа амжихгүй, сандраад андуурч бичих тохиолдол бишгүй.

Найман хуудас гаруй, дунджаар 6,000 орчим цифрийг санаж, бичихдээ миний хувьд нэг цагийн хугацаанд арайхийж амжуулдаг.

-Үнэхээр гайхалтай. Онцгой амжилтын эзэн болсон талаараа сонсоод юу бодсон бэ?

-Хоёртын тооллын төрөлд өрсөлдсөн даруйдаа амжилт гаргаснаа мэдээгүй. Орой нь монгол тамирчидтайгаа хамт амарч байхад тэмцээний дүн гарсан юм. Хятадын нэг тамирчин надтай цахим хуудсаар холбогдон зургийг минь илгээснээ “Баяр хүргэе” гэсэн.

Тэр зургийн тайлбарт “Лхагвадулам дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ” гэсэн байсан. Бөөн баяр бололгүй яах вэ. Маргааш нь Олон улсын ой тогтоолтын холбооноос намайг дэлхийн дээд амжилт шинэчлэн, “Гиннесийн ном”-д бичигдэх болсныг хэлсэн. 16 настай тамирчин насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн дээд амжилтын эзэн боллоо гээд тэд их олзуурхан, онцоллоо.

Тэмцээний дүнгийн талаар ээж надаас өмнө сонссон байсан. ДАШТ-ий албан ёсны сайтаас мэдээлэл авсан гэсэн. Баярт мэдээгээ ээжид хэлэхэд хэдийнээ мэдчихсэн “Баяр хүргэе. Охиноороо бахархаж байна” гэсэн.

-Та өнгөрсөн жил дэлхийн өсвөрийн аварга болсон. Энэ жил түүнийгээ батлан, хошой аварга болохыг зорьсон нь мэдээж. Ийм амжилтын эзэн боллоо гэх бахдал, зорилгодоо хүрч чадсангүй гэх харамслын аль нь илүү төрж байна вэ?

-Сэтгэл хангалуун байна. Монголын оюун ухааны академийн салбарыг гурван жилийн өмнө Дархан-Уул аймагт нээхэд анхны тамирчдын нэг нь болсон, би. Ээжийнхээ зөвлөснөөр 13 насандаа энэ спорттой холбогдсон. Жил гаруйн дараа улсын аваргаас алт, мөнгөн медаль хүртдэг юм байна. Тэр үед “Миний охин дахиад жаахан хичээвэл илүү өндөр амжилт гаргахаар байна.

Чамд маш их нөөц байна” гэж хэлсэн нь их урам өгсөн шүү. Т эр ондоо ДАШТ-д анх удаа оролцоод “Нэг цагийн олон багц” төрөлд мөнгөн медаль хүртэн, өнгөрсөн жил өсвөрийн дэлхийн аварга болсон. Ихэнх орны тамирчид бэлтгэлээ өдөрт дунджаар 12 цаг хийдэг. Гэтэл бид санхүүгийн хүндрэлийн улмаас тэгж чаддаггүй. Тэмцээний өмнө cap гаруйн хугацаанд базаагаад л оролцдог. ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ ч тэгж хийсэн.

Дэлхийн шилдгүүдтэй оюунаа сорьсон болохоор бүх төрөл эн тэнцүү өрсөлдөөнтэй байлаа. Ялангуяа БНХАУ, БНАСАУ-ын тамирчдыг онцолъё. Хятад ой тогтоолтоор хичээллэдэг 40 гаруй мянган тамирчинтай. Тэднээс шигшээд дэлхийн дэвжээнд 200 гаруйг нь сойсон гэсэн. Ер нь оюуны спортыг улс орнууд маш сайн дэмжиж жилийн турш тусгай бэлтгэл хийлгэдэг юм билээ.

Бэлтгэлийн зөрүү асар их ч ур чадварын хувьд бид тэднээс дутдаггүй. Монгол тамирчдыг төрөөс дэмжин, бэлтгэлээ гаднынхан шиг хийвэл өнөөгийнхөөс ч өндөр амжилт гаргах боломжтой.

-Энэ жилээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх нь. Бусад төрөлд, дээд насандаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэх нөөц хэр байгаа бол?

-Их бий. Насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн хоёр дээд амжилт эзэмшдэг, энэ жил ДАШТ-д гаргасан амжилтаараа бүх тамирчнаас тавдугаарт бичигдсэн нь үүний илрэл болов уу. Дэлхийд өнгөлөх боломж, нөөц зөвхөн надад бус, хүн бүрт бий.

Аливаа зүйлийг удаан тогтоодог, амархан мартдаг хүн ч ийм боломжтой. Тухайн хүний хичээл, зүтгэлээс л бүх зүйл шалтгаална. Ой тогтоолтоор бүх насныхан хичээллэх боломжтой. Тамирчин болохгүй ч аливаа зүйлийг богино хугацаанд цээжилдэг, мартдаггүй болчихвол амьдралд хэрэгтэй шүү дээ.

Олонх тамирчин бусдын утас, дансны дугаар зэргийг хадгалдаггүй. Хэн нэгний утасны дугаарыг асуухад бодож байгаад л шууд санана. Би ч тэгж чадна. Ой тогтоолтын олон улсын тэмцээнд оролцдог 400 гаруй тамирчин Монголд бий ч ивээн тэтгүүлдэг, харьяалагддаг байгууллагатай нь хуруу дарам. Төрөөс дэмждэггүйн улмаас олонх нь тэмцээнд тэр бүр өрсөлдөж чаддаггүй.

-Таныг ивээн тэтгэдэг байгууллага бий юү?

-Намайг “Ажнай” корпорац ивээн тэтгэдэг. 2017 оноос намайг ивээлдээ авсан. Үүнд би маш их баярладаг. “Ажнай” корпораци болон Оюун ухааны академийн хамт олон, ээждээ талархал илэрхийлмээр байна.

-Өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургууль төгссөн ч дээд сургуульд элсээгүй гэж дуулсан. Амжилтын төлөө гаргасан шийдвэрийг тань гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав?

-Би ээжтэйгээ амьдардаг. Ээжтэйгээ ярилцаж байгаад ингэж шийдсэн юм. Сургуульд сурдаг байхдаа хичээл гэсээр бэлтгэлдээ бүрэн анхаарал хандуулж, цаг гаргаж чаддаггүй байсан. Тиймээс спортдоо бүхнээ зориулахын тулд сурахаа нэг жил хойш тавьсны үр дүн гарсан шүү.

Хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор удахгүй гадаад явна. Ер нь ирээдүйд гадаадад боловсрол эзэмших бодол бий. Түүнийгээ эх орныхоо хөгжилд зориулж, Монголдоо амьдрахыг хүсдэг.

-Багаасаа бусдаас онцгой байв уу. Эсвэл уйгагүй бэлтгэл, хөдөлмөрийн үр шимээр өнөөгийн амжилтад хүрсэн үү?

-Шүлэг хурдан цээжилдэг байсныг эс тооцвол бусдаас онцгой байгаагүй ээ. Өнөөгийн амжилтад хүрэхэд авьяасаас илүү зөв системтэй бэлтгэл, хөдөлмөр нөлөөлсөн болов уу. Гадаадад тэмцээнд оролцоод ирэхэд хичээлээсээ нэлээд хоцордог байв. Ганцхан шөнө давтаад л түүнийгээ нөхчихдөг байсан. Тэмцээн, бэлтгэл гэсээр энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад огт бэлдэж чадаагүй ч ангийнхнаасаа хамгийн өндөр оноо авсан нь ой тогтоолтоор хичээллэдгийн л өгөөж юм даа.

-Оюуны спортын аль төрөлд нь илүү дуртай вэ. Онцолж бэлтгэл хийдэг үү?

-Бүгдэд нь дуртай. Аль нэгийг нь онцолж бус, бүгдийг нь жигд хийдэг. Миний сонирхлыг “Хурдны хөзөр” төрөл их татдаг. Дэлхийн дээд амжилтыг нь Б.Шижир-Эрдэнэ эзэмшдэг юм. Түүний багц буюу 52 хөзрийг 12 секундэд цээжлэн, алдалгүй санасан амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байна.

-Бөхчүүд барилдан, буудлагынхан буудаж бэлтгэл хийдэг. Ой тогтоолтынхон бэлтгэлээ хэрхэн базаадаг нь сонирхол татаж байна.

-Тамирчин бүхний арга барил өөр. Би өдөр бүр бэлтгэл хийдэггүй. Тэмцээний өмнө л базаадаг. Мэдээж зав гарсан үед гэртээ хөнгөн бэлтгэл базаадаг.

-Ээж нь ой тогтоолтын спортыг хэр сонирхдог вэ. Хичээллэе гэдэг үү?

-Ёстой сонирхдоггүй. Миний хамгийн эрхэм хүн бол ээж. Намайг үргэлж дэмжин, бүх зүйл дээр миний талд бат зогсдог. Тэмцээнд явахад “Миний охин чадна. Битгий сандраарай. Охиноороо бахархдаг шүү” гэж урам өгдөг. Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн, “Гиннесийн ном”-д бичигдэх болсноос илүү ээжийгээ баярлуулж, ачийг нь бага ч гэсэн хариуллаа гэж бодохоор сайхан байна. Ээжийгээ баярлахыг харах хамгийн сайхан.

Өвөө минь дайнд оролцож явсан. Эх орныхоо төлөө амиа үл хайхран зүтгэснийг нь үнэлсэн медалиуд нь одоо ч манайд бий. Тэдгээрийг нь хараад өвөөгөөрөө бахархан, улам хичээх урам авдаг.

-Медалиа тоолдог уу. ДАШТ-ий хэчнээн медалиар энгэрээ мялаагаад байгаа вэ?

-ДАШТ-ий 20 гаруй медаль бий байх. Медалиа тоолж үзээгүй. Ойролцоогоор 100 гаруй бий.

-Н.Энхшүр, Н.Мөнхшүр хоёр ОХУ-ын “Россия 1” телевизээс бэлтгэдэг “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцон, Э.Энхмөнх, С.Марал нар “Авьяаслаг монголчууд” шоунд өрсөлдөн олны талархал хүлээсэн. Гадаад, дотоодын шоуны урилга авсан уу?

-Саяхан Оросын “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт Х.Ивээлийн хамт оролцсон. Гайгүй сайн бэлтгэлтэй байсан учраас саналыг нь хүлээж авсан юм. Дажгүй байлаа.

-2019 он дуусахад гурван сарын хугацаа үлджээ. Та шинэ он гарснаас хойш юу амжуулав?

-Ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлэх тал дээр л анхаарлаа хандуулсан. Нэг их олон тэмцээнд оролцсонгүй, бас гайхуулах сүйдтэй амжилт ч гаргасангүй. “Гайхамшигт хүмүүс” шоу нэвтрүүлэгт оролцсоныг эс тооцвол шүү дээ.

ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ЭЗЭМШИГЧ Э.ЛХАГВАДУЛАМЫН ТУХАЙ

Тэрбээр багаасаа өвөө дээрээ өсөж, өвөө шиг ээ мундаг хүн болно гэж үргэлж боддог байжээ. Өвөөгийнхөө бахархал болох нь түүний мөрөөдлийн нэг хэсэг байв. Түүний өвөө нь ахмад дайчин байсан.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, Халхын гол, Эрээн цав, баруун хязгаарын нутаг, Байтаг богдын тулгаралт, Их Жаргалантын тулаатын чиглэлээр удаа дараа орж ирсэн хилийн зөрчил тулгаралтад биечлэн оролцож байсан дайчин юм. Өвөө нь бурхны орныг зориход түүний хамгийн хэцүү үе байсан гэнэ. Түүнд хичээл бүр нь сонирхолтой байсан хэдий ч тийм ч сайн сурагч байсангүй.

Хангалттай хичээж байгаа юм шиг хэдий ч нэг л ахиж өгөхгүй байлаа. Анхны тэмцээн болох бүсийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож чадсангүй. Энэ нь түүнд шинэ сэдэл болж ой тогтоолтын спортдоо улам дурлан илүү их хөдөлмөрлөж дараагийн тэмцээндээ бага багаар амжилтаа ахиулж урагш зүтгэсээр байв.

Дараа жилийн бүсийн аварга шалгаруулах тэмцээндээ тэр аварга болов. Анхны олон улсын тэмцээндээ нэг мөнгөн медаль хүртэн олон улсын гараагаа амжилттай эхэлж Солонгосын нээлттэй тэмцээнд долоон медаль, таван дэлхийн рекордыг шинэчлэн өсвөр насандаа аварга болжээ. Энэ амжилт түүний эд эсийг идэвхжүүлж, улам дээшээ тэмүүлэх хүч болсон гэдэг.

Аравхан минутад 10 багц буюу 520 ширхэг цээжлэн алдаагүй санаж ой тогтоолтоор спортоор хичээллэгч тамирчид болон дэлхий нийтийг цочроов. Тэр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 17 секундэд тогтоожээ.

Хоёртын тоолол төрөлд Гиннесийн рекордыг шинэчлэн ой тогтоолтын спортоос гиннесийн номд бичигдэхээр болсон гурав дахь хүн болов. Тэрбээр одоо өсвөрийн 10, насанд хүрэгчдийн ангилалд хоёр дээд амжилт эзэмшиж байна. Тэр одоо дэлхийн шилдэг тамирчин болжээ. Өвөөдөө өгсөн амлалтдаа хүрч өөрийгөө ялан дийлж тууштай зүтгэж өнөөдрийн амжилтад хүрчээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608592
3 эможи

mongol hunii geniig delhiid gaihuulj baigaa duugeeree baharhaj bainaa. Dahin dahin amjilt husie
2019-09-29 13:46
amjilt
Зочин
2019-09-28 14:27
busad oronuud sohirhodogguil baihguyu,mongolchuud ih surhii uhaantai bolchov gej
Зочин
2019-09-27 21:17
сайн бн охин минь
Зочин
2019-09-27 11:46
сонирхолтой
Зочин
2019-09-27 10:15
keyboard_arrow_up