Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Рэнжмаа: Эцэг эхчүүд гэртээ түгшүүртэй байвал түүнийг үр хүүхдүүд нь давхар мэдэрч байдаг

2020 оны 4 сарын 07

Arslan.mn

“Хөл хорионы үед хүүхдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?”, “Эцэг эхчүүд энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?”, “Хүүхдүүдийг гэртээ уйдаахгүйн тулд юу хийлгэх ёстой вэ” зэрэг асуултад “Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаа хариулж, дараахь зөвлөгөөнүүдийг өгч байна.


-Томууны дэгдэлтээс сэргийлж шинэ оноос өмнө цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байсан. Ингэхээр хүүхдүүд сүүлийн гурван сарын турш гэртээ хөл хорионд байна?

-Сургуулийн насны хүүхдүүдийн хөгжил нь ид явагдаж байгаа. Танин мэдэхүйн болон бие физиологи, сэтгэл санаа, нийгмийн харилцааны хөгжил нь тал талаасаа хөгжиж байх ёстой үе нь. Гэтэл яг энэ үедээ хүүхэд гэрийн хорионд байгаа нь зарим хөгжилд нь сайн нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай. Жишээ нь, хүүхэд гүйж, хөдөлж байж булчин, шөрмөс нь хөгждөг байтал гэртээ нам суугаад, дэлгэцийн урд сууж байна. Теле хичээлээ үзнэ, ихэнх гэр бүл зурагт үзнэ, хүүхдээ гар утсаар тоглуулна гээд дэлгэцийн хамаарал өндөр байх магадлал байна. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл хөгжил, эрүүл өсөж бойжиход нь анхаарах хэрэгтэй. Мэдээж аюулгүй байдлыг нь хангана.

Бие физиологи талаас нь хэрхэн анхаарах вэ гэхээр гэртээ хийх боломжтой дасгал хөдөлгөөн хийлгэх. Хамтдаа, гэр бүлээрээ хийж болно. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хандаад “Дасгалаа хий” гээд зүгээр хэлэх биш, хүүхдүүд эцэг эхээ харж өсдөг учраас эцэг эх нь өөрсдөө дасгал хийгээд эхэлбэл хүүхдүүд нь дуурайж суралцдаг. Нөгөө талаар эцэг эхчүүд гэрт байгаа энэ цаг үеэ ашиглаад хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа эерэг, илүү ойр дотно болгож өөрчлөх боломж бас байгаа юм. Гэр бүлдээ чанартай цаг гаргаж өнгөрүүлэх нь хүүхдийг эрүүл саруул, аз жаргалтай, дасан зохицох чадвартай өсгөх процесст маш том хувь нэмэр оруулдаг. Хүүхэд үнэ цэнэтэй, өөрийн үнэлэмж нь өндөр байхад гэр бүлийн, ойр дотны, ялангуяа эцэг эхийнх нь харилцаа хамгийн чухал. Тиймээс эцэг эхчүүд дэлгэцэнд найдаад гэртээ үлдээх биш, “Хичээлээ хийвэл хийнэ биз” гэж хандах, “Хийсэн үү” гэж хальт асуугаад өнгөрөх биш. Харин гэртээ байгаа энэ цагаа гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх цаг болгож ашиглах хэрэгтэй байна.

-Гэр бүлийн чанартай цаг гэдгээ тодруулбал?

-Эцэг эх нь хүүхдүүддээ зориудын цаг гаргахад хүүхэд нэгдүгээрт, өөрийгөө чухал, хайрлагдсан гэдгээ мэдэрдэг. Хоёрдугаарт, хүүхдүүд эцэг эхийнх нь өөрт нь тавьж байгаа хайр халамжаас үлгэр дуурайл олж авдаг. Би бусдад ингэж хандах юм байна, би ирээдүйд гэр бүлтэй болохоороо хүүхдэдээ ингэж хандах юм байна гэдгийг үлгэр дуурайл авч суралцдаг. Гуравдугаарт, эцэг эхчүүд хүүхдийнхээ давуу болон сул талыг ажиглаж, мэдэж, цаашид хүүхдэдээ яаж туслах вэ, яаж чиглүүлэх вэ гэдгээ олж харах боломж олддог. Дөрөвдүгээрт, хүүхэд өөрийнхөө бодол санаа, мэдрэмжээ хуваалцах боломж олдож байгаа. Хамгийн чухал нь аав, ээж, хүүхдийн дунд маш бат бөх, дотно харилцаа бий болж байгаа.

-Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар нэг өөрчлөлт орох уу, хөл хориотой холбоотойгоор?

-Жирийн, хорио байхгүй үед ядаж дулаахан өдөр гадаа гаргаж тоглуулдаг байсан. Гэтэл одоо гаргах ч үгүй болохоор тэр насны хүүхдүүд хөдөлж, гүйж харайх, агаарт гарах нь орхигдож байгаа. Эцэг эхчүүд нь өөрсдөө коронавирусээс болж айж, түгшүүртэй байвал хүүхдүүд гадаад ертөнцөд юу болж байгааг сайн мэдэхгүй ч гэсэн тэд аав ээжийгээ харж байгаа. Тиймээс аав ээжийнхээ түгшүүртэй байдлыг, айдас хүйдэстэй царайг хараад тухгүй, тайван бус байдлыг давхар мэдэрдэг. Хүүхэд нь нялх нярай, цэцэрлэгийн насны, сургуулийн насны байна уу хамаагүй. Хүүхдүүд бүгд адилхан эцэг эхээ хараад тэр айдас түгшүүрийг бас мэдрэх боломжтой. Аав ээжүүд өөрийнхөө сэтгэл зүйг эрүүл байлгаж, тайван байснаар тэр байдлаа хүүхдүүддээ дамжуулна. Хэрвээ та түгшээд байвал хүүхдүүддээ тэр түгшүүрээ дамжуулж байна гэсэн үг. Ийм учраас эцэг эхчүүд өөрсдийнхөө сэтгэл зүй дээр анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615735
0 эможи
keyboard_arrow_up