Гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна Гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Цар тахлын улмаас боловсролын салбар уналтад орсон билээ. Хоёр жилийн хугацаанд цахим болон танхимын сургалт хослуулсан сурагчид одоо л жигдэрч эхэлтэл улирлын амралт эхэлчихлээ. Багш болон сурагчдын өмнө хичээл хоцрогдолыг арилгах гэсэн том асуудал бий. Үүнтэй тэнцэхүйц дараагийн нэг асуудал нь сурах бичгийн хүртээмж болоод байна. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурах бичгийн хүрэлцээ улсын хэмжээнд муу байгаа юм. Хүн ам ихтэй хотын захын дүүргийн сургуулиуд нэг ангид 30-45 хүүхэд суралцаж байна. Нэг ширээнд гурван хүүхэд суух тохиолдол хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл гурван хүүхэд дундаа нэг номтой байх нь энгийн асуудал болж хувирчээ. Энэ тухай харьяа  яамнаас лавлахад 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд VI-XII дугаар ангийн нийт сурагчдын 60 хүртэлх хувийг түрээсийн сурах бичгээр хангаж, хуучин хэвлэлтийн номуудыг ашиглахаар болсон гэсэн мэдээлэл өгсөн юм. Хичээлд шаардлагатай тохиолдолд сурагчид “Econtent.edu.mn” сайтад хандаж сурах бичиг ашиглах боломжтой гэнэ. Уг нь БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичигт зориулж тендер зарладаг. Энэ жилийн хувьд эдийн засаг болоод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад тендер зарлахгүй гэлээ.

“Монгол хэл, нийгмийн ухааны сурах бичиг дутмаг”

Сурах бичиг хүрэлцэхгүй байхад сурагчид хэрхэн хичээлээ гүйцэж, хоцрогдлоо нөхөх вэ. 2009 оноос хойш  бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулдаг журамтай байсан. Харин 2019 оноос бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг үнэ төлбөргүй, үлдсэн 60 хувиа сургуулиар дамжуулан түрээсээр олгох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл энэ шинэ хичээлийн жилд өнөөх түрээсийн үйлчилгээгээр олгож буй сурах бичиг сургуулиудад хүрэлцэхгүй байна гэсэн гомдол тасрахгүй байна. Энэ тухай 76 дугаар сургуулийн дунд ангийн багш Д.Дэлгэрмаа “Би долдугаар анги хариуцдаг. Манай ангийн хувьд 31 хүүхэдтэй. Сургуулиас тараах сурах бичгийн тоо бага тул гурван хүүхэд дундаа нэг ном хэрэглэж байна. Ялангуяа Монгол хэл, Нийгмийн ухааны хичээлүүдийн ном хүрэлцэхгүй байна. Зарим боломжтой айл нь хүүхэддээ сурах бичгийг нь худалдаж авч өгдөг. Харин боломжгүй айлын хүүхдүүд нь яах вэ.

Зарим сурагч ухаалаг утасгүй учир цахим ном уншиж чадахгүй асуудал тулгардаг. Тэдгээр хүүхдэд сурах бичиг нь хангалттай байвал ямар ч асуудал үүсэхгүй” гэсэн юм. Харин наймдугаар ангийн сурагч Б.Хантулга “Миний хувьд энэ жил сургуулиас зургаан хичээлийн сурах бичиг авсан. Монгол хэлний номоо 13000 төгрөгөөр худалдаж авсан. Харин математикийн хичээлийн сурах бичгээ хамт суудаг хүүхэдтэйгээ хувааж хэрэглэж байна” гэв.

Өнгөрсөн жилүүдэд дунджаар I-V ангийн сурах бичиг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх ажилд 1-1.7 тэрбум төгрөг, шинээр зохиох сурах бичиг хэвлэн нийлүүлэхэд 450-465 сая төгрөг, X-XII ангийн сурах бичиг, багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг хангалтаар хэвлэн нийлүүлэхэд 480-505 сая төгрөгийн  төсөвт өртөгтэй тендер зарлаж, хэвлэх үйлдвэрүүдийг шалгаруулж байв.

78 төрлийн 780 сурах бичиг тараасан

Харин энэ жилийн хувьд тендер цуцлагдсан тул сурагчид хуучин сурах бичгийг хэрэглэнэ. Энэ тухай салбарын сайд Л.Энх-Амгалан “Энэ хичээлийн жилийн хувьд тендер зарлаагүй учир сурах бичгийг дахин хэвлэхгүй болсон. Тиймээс хүүхдүүд хуучин номоо хэрэглэхээс гадна цахим номын санг түлхүү хэрэглэх шаардлага тулгарч байна” гэсэн юм. Харин  Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Яамны зүгээс Засгийн газрын тогтоолоор бүх сурах бичгийг тухайн сургуулийн номын сангаар дамжуулж сурагчдад түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд 78 нэр, төрлийн 780 мянга орчим буюу нийт сурах бичгийг хэвлэж, орон нутаг болон нийслэлд хүргүүлсэн” гэсэн тайлбар өглөө. Ном сурах бичгийн хангамж ийм муу байж яаж бид сурагчдаасаа үр дүн нэхэх вэ. Ер нь үе үеийн Засгийн газар, харьяа яам жилийн жилд сурах бичгийн хэвлэлтэд зориулж төсөв баталдаггүй жишиг тогтжээ. 2019 онд яамны сайдаар Ё.Баатарбилэг ажиллаж байв. Тэрбээр “Энэ онд Ерөнхий боловсролын сургуульд 600 орчим мянган  сурагч сурч байна. Статистикийн дүнгээс үзэхэд, 40-50 хувь нь сурах бичгээр хангагдсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд  сурах  бичгийн  хүртээмж тааруу болсон. Цөм хөтөлбөр хэрэгжихтэй  холбоотой сурах бичгийг шинээр зохиох ажил дуусаж байна.

Одоо  эдгээрийг 600 гаруй мянган хүүхдэд хэрхэн хүргэх нь тулгамдсан асуудал болоод байна” хэмээн ярьж байв. Гэтэл гурван жилийн өмнөх 40-50 гэсэн үзүүлэлт өнөөдөр ч хэвээр байна. Нийслэлийн 46 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ө.Өнөртуул “Манай сургуулийн хувьд  дунд ангийн сурах бичгийн хангамж 50 хувьтай байна. Энэ жил нэмэлтээр сурах бичиг ирээгүй. Ялангуяа Монгол хэл, Уран зохиол, Эрүүл мэндийн хичээлд сурах бичиг хүрэлцдэггүй. Манай сурагчдын хувьд гурван хүүхэд дундаа нэг ном хэрэглэж байна. Зарим номын хувьд бүр нэг ангид 10 гаруйхан очих нь бий. Тиймээс багш нар аль болох хичээлээ цахим хувилбарт шилжүүлж, хичээлийн судлах агуулга, гэрийн даалгавраа онлайн орчинд тавьж байна” гэсэн юм. Хэдийгээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд цахим хичээл сонгохоос өөр аргагүй болж байгаа ч сурах бичгийн хүрэлцээ гэдэг анхаарал хандуулахгүй орхих сэдэв биш юм. Цахим хичээлдээ орох боломжгүй, ухаалаг утасгүй, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар дэлгэц удаан ширтэх боломжгүй олон мянган хүүхэд бий. Тэдэнд эрдэм мэдлэгтэй болж, мөрөөдлөө биелүүлэхэд нь сурах бичиг нь зайлшгүй хэрэгтэй.  Тиймээс сурах бичгийн хүртээмжээ 100 хувь болгоё.

 

 

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635784
0 эможи

keyboard_arrow_up