Хувийн дунд сургуулийн нэг жилийн төлбөр ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ үнэтэй тэнцэж байна Хувийн дунд сургуулийн нэг жилийн төлбөр ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ үнэтэй тэнцэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хувийн дунд сургуулийн нэг жилийн төлбөр ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ үнэтэй тэнцэж байна

2022 оны 8 сарын 16

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан цэцэрлэгийн бүртгэл, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас болон их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн үнийн мэдээллийг манай сонины сурвалжлах баг хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн дугаарт хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөрийн талаар сурвалжиллаа.

ХУВИЙН СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 4.8-100 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Хүүхэд сурч, хүмүүжиж, боловсрол эзэмшихэд сургуулийн орчин, багш хамгийн ихээр нөлөөлдөг. Тиймээс ч боловсролын чанар, хүртээмжийн асуудал үргэлжид яригдаж, олон жилийн турш нийгмийн сэдэв болсоор байна. Төрөөс хүүхэд бүрд тэгш боловсролыг түгээнэ гэдэг ч бодит нөхцөл байдалд энэ нь боломжгүй зүйл. Учир нь улсын болон хувийн сургуулийн хооронд асар их зөрүү байдагтай холбоотой билээ.

Хамгийн энгийн жишээ дурдвал улсын сургуульд 30-50 хүүхэд нэг ээлжид сурч, ингэхдээ тухайн сургууль нь гурван ээлжээр хичээллэх тохиолдол ч бий. Харин хувийн сургуулиудын хувьд хамгийн ихдээ л хоёр ээлжтэй байх бөгөөд нэг ээлжиндээ 10-20 хүүхэдтэй суралцдаг. Тиймээс хүүхэд бүртэй тулж ажиллана гэдэг багшийн хувьд ч харилцан адилгүй ачаалалтай ажиллахад нөлөөлнө.

Манай улсын хэмжээнд сургалтын төлбөртэй төрийн бус өмчийн 166 ерөнхий боловсролын сургууль, 476 цэцэрлэг, их дээд сургуулийн харьяа 13 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс Монгол Улсад хамгийн эрэлттэй хувийн сургуулиудын үнэ ханшийг судаллаа.

Гёте олон улсын дунд сургуулийн хувьд бага бүлэг нь 7.5 сая төгрөг, дунд бүлэг нь найман сая төгрөг, ахлах бүлэг нь 8.5 сая төгрөгийн ханштай байна.

Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Олонлог төв сургуулийн хувьд бүх түвшний ангийн жилийн төлбөр 7.1 сая төгрөг ажээ. Мөн нэг айлын гурван хүүхэд тус сургуульд явахад 20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна.

“American school of Ulaanbaatar” сургуулийн хувьд элсэлтийн хураамж болох 300 мянган төгрөгийг нэг удаа төлөх бөгөөд буцаан олгохгүй ажээ. Тус сургуулийн 1-2 дугаар ангид элсэн суралцах монгол сурагчийн жилийн төлбөр 18 сая төгрөг, гадаад сурагчийн төлбөр 23 сая төгрөг аж. Харин 3-5 дугаар ангид суралцах монгол сурагч 21 сая төгрөг, гадаад сурагч 26 сая төгрөг төлөх юм байна. Бага ангийн хоолны мөнгө 6000 төгрөг ажээ. 6-8 дугаар ангид суралцах монгол сурагчийн жилийн сургалтын төлбөр 24 сая төгрөг, гадаад сурагч 29 сая төгрөг юм байна. 9-12 дугаар ангийн монгол сурагчийн жилийн сургалтын төлбөр 28 сая төгрөг, гадаад сурагч 33 сая төгрөгийг төлөх ажээ. Нэг гэр бүлийн хоёр  болон гурав дахь хүүхэд тус бүрд таван хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Дунд болон ахлах ангийн хоолны мөнгө 7000 төгрөг ажээ.

Оюуны нахиа дунд сургуулийн бүх анги 4.95 сая төгрөг төлөх юм байна. Хишиг хятад хэлний дунд сургуулийн хувьд бүх анги 4.8 сая төгрөгийн ханштай ажээ. Улаанбаатар бүрэн дунд сургуулийн хувьд бүх анги дөрвөн сая төгрөгийн ханштай бол Шинэ үе сургуулийн хувьд 5.5-5.9 сая төгрөгийн хооронд байгаа аж. Тодруулбал, бага анги 5.5 сая төгрөг, дунд анги 5.7 сая төгрөг, ахлах анги 5.9 сая төгрөгийн ханштай байна.

“International school of Ulaanbaatar” сургуулийн бага бүлэг 24470 ам.доллар буюу 77.8 сая төгрөг, дунд бүлэг нь 29720 ам.доллар буюу 94.5 сая төгрөг, ахлах бүлэг нь 31710 ам.доллар буюу 100.8 сая төгрөгийн ханштай байна. Логарифм сургууль долоон сая, Гурван тамир /Өмнө нь Сакура нэртэй сургууль байсан/ сургууль 13-15 сая, Шинэ Монгол Харүмафүжи сургууль 6.9 сая төгрөг, Глобал сургууль 10 сая төгрөг, British school of Ulaanbaatar сургуулийн бага анги 14970 ам.доллар, дунд анги 16680 ам.доллар, ахлах бүлэг нь 17920 ам.долларын ханштай байна. Орчлон сургууль 20 сая төгрөгөөс эхэлж байгаа бол Эрэл сургууль 15-18 сая төгрөгийн ханштай байна. Харин Хобби сургуулийн хувьд 15 сая төгрөг, Сант сургуулийн хувьд 7-9 сая төгрөгийн ханштай байгаа юм.

 

СУРГАЛТЫН ТӨЛБӨР СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ДУНДЖААР 2.3-29.3 САЯ ТӨГРӨГӨӨР ӨССӨН

 

Хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд эцэг эхчүүд хэдэн ч төгрөгийг зарцуулж чадна. Харин эцэг эхчүүдийн хувьд төлсөн мөнгөнийхөө хэрээр хүүхэддээ боловсролыг нь эзэмшүүлж чаддаг уу гэдэг нь гол асуудал.

Жил ирэх тусам хувийн сургуульд хүүхдээ сургахыг хүссэн эцэг, эхчүүдийн тоо өсөж байгаа нь хувийн дунд сургуулиудын эрэлтийг нэмэгдүүлсэн. Учир нь, улсын сургуулийн сургалтын чанар хангалтгүй байгаатай ч холбоотой.

Манай улсад эрэлттэй хувийн сургуулиудаас түүврийн аргаар 10 сургуулийг сонгон, таван жилийн өмнөх төлбөрийг нь өнөөдрийнхтэй харьцуулсан юм. 2017 оны байдлаар “International school of Ulaanbaatar” сургуулийн төлбөр 19412 ам.долларын ханштай байсан бол “British school of Ulaanbaatar” сургуулийн сургалтын төлбөр 10080 ам.долларын ханштай байв. Харин Орчлон сургуулийн хувьд 10.4-15.6 сая төгрөг, “American school of Ulaanbaatar” сургуулийн төлбөр 14.3 сая төгрөг, Олонлог бүрэн дунд сургуулийн төлбөр 7-10 сая төгрөг байжээ.

Мөн Элит сургуулийн төлбөр 10 сая төгрөг байсан бол Хобби сургуулийн төлбөр 8.3 сая төгрөг, Сант сургуулийн төлбөр 6.5 сая төгрөг, Шинэ Монгол болон Логарифм сургуулийн төлбөр 4.7 сая төгрөг байжээ. Манай улсад хамгийн эрэлттэй 10 сургуулийн таван жилийн өмнөх ханш ийм байгаа юм. Одоогийн сургалтын төлбөртэй нь харьцуулж үзэхэд сүүлийн таван жилийн хугацаанд 2.3-29.3 сая төгрөгөөр дээрх 10 сургуулийн сургалтын төлбөр өссөн байна.

 

М.ОДОНЧИМЭГ: ХУВИЙН СУРГУУЛИАС УЛСЫН СУРГУУЛЬ РУУ ШИЛЖВЭЛ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРАХ ХУВЬСАХ ЗАРДАЛ НЭМЭГДДЭГ

Хувийн дунд сургуулиудын төлбөртэй холбоотойгоор нийслэлийн Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн М.Одончимэгээс зарим зүйлийг тодруулсан юм.

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд сургалтын төлбөртэй төрийн бус өмчийн 166 ерөнхий боловсролын сургууль, 476 цэцэрлэг, их дээд сургуулийн харьяа 13 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс бага ангид 26425, дунд ангид 16277, ахлах ангид 11024, нийт 53726 хүүхэд сурч байна. Байгууллагуудын 2023 оны төсвийн төсөлд ирүүлсэн мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө нэмсэн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, их дээд сургуулийн харьяа ЕБС байхгүй байна. Төлбөрөө нэмсэн сургуулиуд мэдээллээ намар хичээл эхлэхээр ирүүлдэг. Уг мэдээллийг нь 2023 онд улсын төсвийн хуралдаанд хэлэлцэж, хувьсах зардал өөрчлөгдөх эсэхийг нь тооцдог.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоолоор Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай хуульд зарим өөрчлөлтийг оруулсан.

Улсын сургуулийн бага, ахлах ангийн нэг сурагчийн хувьсах зардал 771 мянган төгрөг, дунд анги 805 мянган төгрөг байдаг.

Харин төрийн бус өмчийн ЕБС-ийн нэг сурагчийн хувьсах зардал бага, ахлах анги 139 мянган төгрөг, дунд анги 145 мянган төгрөг байна. Нийслэлд нэг сая хүртэлх сургалтын төлбөртэй төрийн бус өмчийн ЕБС, их дээд сургуулийн харьяа ЕБС нийтдээ 26 байдаг. Тус сургуулиудад хувьсах зардлыг нь 100 хувь олгодог. 1-5 сая хүртэлх сургалтын төлбөртэй сургууль 104 байдаг бөгөөд хувьсах зардлын 60 хувийг олгоно. Харин 5-10 сая төгрөг хүртэлх төлбөртэй сургууль 36 байдаг бөгөөд хувьсах зардлын 50 хувийг олгодог юм. Харин 10 саяас дээш төгрөгийн үнэтэй сургалтын төлбөртэй ЕБС 13 байдаг, ба эдгээр сургуульд хувьсах зардал олгохыг зогсоосон.

Өмнө нь 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуульд хувьсах зардлын 50 хувийг олгодог байсан. Хувийн сургуулиудын сургалтын төлбөрт төрөөс хяналт, хязгаар тавих боломжгүй. Хэрэв хувийн сургуульд сурдаг байсан хүүхэд улсын сургууль руу шилжих юм бол улсын төсвөөс гарч буй хувьсах зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг” гэв.

Харин хувийн сургуулийн үнэ ханш дээр зарим иргэд ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан юм.

Иргэн Г.Балдорж “Төрөөс хүүхдүүдийн боловсролд хангалттай анхаардаг уу гэвэл үгүй. Улсын сургуульд сайн багш цөөхөн. Мэдлэгтэй, боловсролтой багш нарыг нь хувийн сургуулиуд өндөр цалин амлаад авчихна. Тэгэхээр зээл аваад ч болтугай хувийн сургуульд хүүхдээ сургахаас өөр сонголтгүй болоод байгаа юм. Хүүхдүүд үнэгүй боловсрол эзэмших хэрэгтэй шүү дээ. Гэтэл багш нарыг хувийн сургуулиуд аваад байвал эгэл борчуудын хүүхдүүдэд хэн хичээл заах вэ. Улсын сургуулиа хувийн сургууль шиг байлгамаар байна. Энэ удаад ч бас зээл тавьж, энэ жилийнх нь сургуулийн төлбөрийг төлнө дөө” гэлээ.

Харин иргэн Б.М “Би хүүхдээ Сант сургуульд сургадаг. Энэ жил төлбөр нь нэмэгдсэн. Хүссэн хэмжээгээрээ төлбөрөө нэмсэн ч хангалттай мэдлэг авч чадахгүй байна гэж хүү маань хэлсэн. Учир нь нэмэлт материал хэвлэж тараадаггүй, сурах бичиг ч өгөхгүй. Хоол, унааны мөнгө нэмж авна. “Энэ жил сургуулиа сольж болох уу” гэж хүү маань асуусан болохоор өөр хувийн сургуульд оруулахаар судалж байна. Ерөнхийдөө бүхий л сургуулийн сургалтын төлбөр өссөн бололтой. Гэвч хувийн сургууль төлбөрөө нэмж байгаа бол төлбөртөө тохирсон мэдлэг өгч, сурах орчныг сайжруулж, шаардлагатай материалаар хангах хэрэгтэй шүү дээ” гэсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639391
0 эможи

keyboard_arrow_up