М.Нямханд: 50 жилийн дараа Их сургуульд сурч, төгссөндөө баяртай байна
ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр төгсөж, ромбо, дипломоо гардан авсан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн М.Нямхандтай цөөн хором ярилцлаа.
Тэрбээр одоо 73 настай. 1974 онд Хөдөө аж ахуйн техникум төгссөнөөс хойш 50 жилийн дараа их сургуульд сурчээ.
-Хүн сурахад оройтдоггүй гэдэг дээ. Та залууст үлгэр дуурайлал болж чадлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Анх 1974 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникум мал зүйч мэргэжлээр төгссөн юм. Түүнээс хойш 50 жилийн дараа Хөдөө аж ахуйн сургуулийг амжилттай сурч төгслөө. Үнэхээр их баяртай байна.
-Сурахад бэрхшээл гарч байв уу. Ангийнхан нь хэр дэмжсэн бэ?
-Хүндрэл гараагүй ээ. Манай ангид надтай хамт найман хүүхэд сурч байсан. Бүгдээрээ надад маш их тусалж дэмждэг байсан. Энэ дашрамд ангийнхандаа, бас багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Яагаад ХААИС-д мал зүйч мэргэжлээр дахин сурахаар шийдсэн бэ?
-Хүнд хэзээд ахисан түвшний боловсрол илүүдэхгүй. Мал зүйч мэргэжлээрээ бакалаврын зэрэгтэй болохыг хүссэн. Одоо хүссэндээ хүрээд ромбо, дипломоо авсан болохоор сэтгэл хангалуун байна.
-Залуучуудад хандаж юу зөвлөмөөр байна?
-Сурч боловсроход хэзээ ч оройтохгүй шүү. Амьдралын хором мөч бүхэндээ залхууралгүй суралцаж байгаарай гэж хэлье.
Эх сурвалж: Өдрийн сонин