Хүйтний улиралд сурагчдад УРТЫН АМРАЛТ өгнө
Боловсролын сайдын 2024 оны А/01 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэчилсэн бүтцээр хичээлийн жил нь гурван улиралтай байх бөгөөд мал аж ахуй, хөдөө, аж ахуйн үйлдвэрлэл, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалж хот, хөдөөд ялгаатай байна.
Өмнөх бүтцээс хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд бие даалтын долоо хоног, 2-р улиралд цахим сургалтын долоо хоногийн төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр нийслэлд хүйтний болон утааны оргил үед урт амрах, хөдөө, орон нутагт мал төллөлтийн үед хүүхдүүд эцэг эхдээ туслах боломж бүрдэнэ.
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшинд үндэсний сургалтын хөтөлбөрийн туршилтыг эхлүүлнэ. Боловсролын салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд англи хэлний “Pearson” хөтөлбөрийг эхний ээлжид ерөнхий боловсролын 100 сургуулийн 3, 4-р ангид турших бол 5-7-р ангид үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ. Математикийн “Eduten” хөтөлбөрийг 2-5-р ангид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл хангалаа.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 1-5-р ангийн дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх явц 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бага ангийн 1670 хичээл, 150-аас дээш төрлийн модуль, 12,525 интерактив дасгал, 15,864 интерактив хуудсыг sur.esis.edu.mn цахим системд байршуулав.