Э.Энхсанаа: Соробан сампингаар хичээллэснээр аливаа зүйлийг бие даан хийж сурах чадварт суралцдаг
Дорноговь аймагт урлаг соёл, спорт, сурлагаараа бусдыгаа манлайлсан олон сурагч бий. Тэдний нэг болох Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн 6а ангийн сурагч Энхбаярын Энхсанаагийн амжилтаас онцолж байна.
Э.Энхсанаа “Тояа" Хүүхэд хөгжлийн академийн Дорноговь аймаг дахь салбарт соробан сампингаар 2021 оноос эхлэн хичээллэжээ. Тэрээр соробан сампингаар хичээллэснээр тухайн хүн тэсвэр тэвчээртэй болох, анхаарлаа төвлөрүүлж сурах, аливаа зүйлийг бие дааж хийж сурахаас гадна олон найз нөхөдтэй болж, хичээл бүрд жигд суралцах боломжийг бий болгодог гэж ярьсан юм.
Түүний анхны амжилт нь 2022 онд Улаанбаатар хотод болсон соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний мөнгөн цом байсан бол тухайн ондоо намрын нээлттэй тэмцээний мөнгөн медаль, Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медаль, 2022 онд “10th NATIONAL COMPETITION ABACUS & MENTAL ARITHMETIC MEMORY” тэмцээний мөнгөн цомыг хүртэж байжээ.
Мөн 2023 оны нэгдүгээр сард АНУ-д болсон “UAAA GLOBAL CUP” онлайн тэмцээний аваргын алтан цом, 2023 оны Дорноговь аймгийн рубик шоо сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний 2×2 төрөлд хүрэл медаль, 2023 оны 12 дугаар сард Малайз Улсын Куала Лумпур хотод болсон цээж тоолол, соробан сампингийн олон улсын тэмцээний аваргын цом, 2023 онд Дорноговь аймгийн “Оюуны спортын шилдэг эрэгтэй тамирчин", аваргын цом, 2024 онд АНУ-ын Лос Анжелес хотод болсон “UNITED ABACUS ARITHMETIC ASSOCIATION AUUU” тэмцээний аваргын цом, 2024 оны “DORNOGOVI OPEN-2024” аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг хүртэж байсан гээд олон амжилтыг гаргажээ.
Эх сурвалж: montsame.mn
|