Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Доржготов: Цаг үедээ дийлдээд гутлынхаа улыг зузаалаад явах нь буруу

2014 оны 4 сарын 03

Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовтой хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

 

-Одоо залуучууд танаас хэр суралцаж байгаа бол. Шавь нар хэр байна вэ?
-Урьд би "Тоншуул" сэтгүүлд ажиллаж байхдаа хөлбөмбөгийн баг шиг баг хүмүүстэй болох юм сан гэдэг бодлого зорилгыг өөртөө тавьсан юм. Нийгмийн дээд давхаргын бурангуйг, доод талдаа харанхуй массыг яаж өөд нь татах вэ гэдэгт Доржготов ганцаараа барахгүй шүү дээ. Тэгээд сэтгүүлийнхээ дэргэд шогчдыг татсан. Тэгэхэд багш шавийн барилдлага үүсч л дээ. Тэднээс Шагдайн Цэнд-Аюуш, Ж.Барамсай, хожуухан Б.Цэнддоо, Батбаяр эд нар байна. Зураач нар бол олон шүү дээ. Одоо л бүтээл нь үзэгдэхээ байчихаад байна л даа. Энийг нэг хүн хийхгүй юмаа гэсэн бодолтой байсан юм. Үр дүнд ч хүрсэн. Хорин мянга хэвлэгдэж байсан сэтгүүл ерээд оны үед 130 мянган хувиар хэвлэгдсэн. Нэг талаас, тухайн үеийн сонинууд бүгд магтаалын сонинууд байсан. Ганцхан "Тоншуул" шүүмжилдэг учраас тэгж олноор захисан байх. Үүн дээр тэнд ажиллаж байсан бидний ур чадвар бас нөлөөлсөн гэдгийг нэрэлхэлгүй хэлэх хэрэгтэй. Одоо залуучуудаас надтай холбоотой улс байхгүй. Ер нь шог зургийг С.Цогтбаяр л унтуулчихгүй шиг хөтлөөд яваад байна. Ц.Байды бид хоёр хөгширчихлөө. Өөр ер нь залуу үе байхгүй дээ. Надад л мэдэгдсэн юм алга. Гэхдээ зах зээлийн нийгэм гэдэг чинь юмыг хөгжүүлье гэвэл мөнгө хаях шаардлагатай байдаг юм байна. Нөгөө талаас доод масс олноороо сонирхох хэрэгтэй юм. Одоо болсон болоогүй шүүмжлээд л байх юм. Зурагтаар харж байхад Их хурлын далан зургааг шүүмжлээд л байх юм. Хулгайч, худалч ер нь хэлэхгүй муугаар хэлэх юм. Нөгөөдүүл нь тоохоо больсон шиг байна. Бидний үед хурал дээр даргаа нэр заагаад шүүмжилчихвэл балардаг байсан үе. Яг тийм үед үгээ зоригтой хэлж гарч ирсэн энэ ардчиллын хэдэн залуугаар би дотроо бахархдаг юм. Ерэн оны тэр хүйтэн өвөл цугаараа нэг жигтэйхэн овоо индэр шиг юм босгочихоод дээр нь гарчихсан Улс төрийн товчоо огцор могцор, коммунизм сөнөтүгэй ч билүү тийм айхтар үг хэлээд байж байхад нь би очоод хараад зогсч байлаа. Дотроо баярлаж байсан. Энэ Ц.Элбэгдорж, С.Зориг, Э.Бат -Үүл эд нар шүү дээ.
Гэхдээ би социалист систем үгүй болно гэж эрт мэдэж байсан.
-Хэрхэн мэдэрч байв?
-Яг ерэн оны үед гэж бодоогүй. Лав 2000 он гарна. Би үзэх ч юм уу үгүй ч юм уу гэж бодож байв. Ер нь Орос, Монгол гэхчилэн коммунист нэг намын дарангуйлалтай орны залуучууд хөрөнгөтөн орнуудын үзэлд татагдаад байсан. Намайг жаран хэдэн онд Москвад сурч байхад Оросын оюутнууд дандаа л барууныг дуурайдаг байсан шүү дээ. Сургууль дээрээ өөр юм ярьчихаад яг ахуй амьдрал дээрээ барууныг л шүтээд байдаг байсан юм. Социалист систем явсаар байгаад өгөршөөд нураад аяндаа ойчсон доо.
-Редакцийнхнаа эргэн дурсвал?
-Надтай хамт ажиллаж, хамт наргиж дарвиж явсан хүн бол яруу найрагч Жамцын Шагдар минь юм. Минжаахайн Гүрсэд байна. Байды, Цэнд-Аюуш, сүүлдээ Барамсай эд нар ирсэн шүү дээ. Ер нь "Тоншуул"-ынхан явдалтай шүү дээ. Үнэн сонины байранд бид хэд хоёр өрөөг эзэлнэ. Дандаа зохиолчид цуглана. Бүр эртнээсээ Ренчин, Дамдинсүрэн гуай, Хөдөөгийн Пэрлээ гээд л. Бидэнд нийгмийн шүүмж, өөрсдийн үзэж харсан, сэтгэлээ шаналгасан болохгүй юмнуудыг их ярьж өгдөг сөн. Ренчин гуай голдуу хэл соёлоо бүтэн авч гар гэдэг юман дээр их анхаарна. Дамдинсүрэн гуай бол түүхийг мушгин гуйвуулсныг залруулах дээр их ярина. Манай түүхийг Оросын түүхчид их мушгин гуйвуулсан шүү дээ. Бидний дунд сургуульд үзсэн түүх чинь ихэнх нь худлаа юм шүү дээ. Үүнийг Дамдинсүрэн гуай ярина. Хийх зурах бичих юмандаа санаа аваг гэж бодсон байх. Бидэнд их өөр ханддаг байсан юм даг. Орж ирээд баахан ярьж ярьчихаад "За одоо "Үнэн" сонин дээр Түдэвийнхээ өрөөнд орж цуурна аа. "Тоншуул"-ын өрөө, Түдэвийн өрөө хоёроос өөр орж цуурах тийм хэлтэс тасаг энд байхгүй" гэдэг байв. Ил цагаан хэлнэ.  Бидэнтэй хамт ажилладаг Иштавхай гэдэг өвгөнийг хуруугаараа заагаад Ренчин гуай "За хүүхдүүд минь та нар энэ Иштавхай мэтийн албан хаагчийг дагаад байвал албан хаагчийн модон хэлтэй болчихно шүү" гэдэг байсан. Нүүрэн дээр нь улайм цайм хэлнэ дээ. Сайхан улс байсан юм даа тэд нар. Бид тэднийг өнөөгийн энэ жиргээчид шиг "үхэж далд ор, зөнөг тэнэг"-ээр дуудахгүй. Тэр байтугай ер нь амьд бурхан шиг л хүндэлдэг байв. Ер нь ч монгол уламжлалд настай хүнээс үг сонс гэдэг шүү дээ. Тэр утгаар би нийтлэл бичиж байгаа юм. Уншиж байгаа хүмүүсийн дал наян хувь нь намайг хүлээж авдаг гэж би түрүүн хэлсэн. Тэд нар байгаа учраас надад амьдрах, амьд явах урам хайрладаг байхгүй юу. Гол юм маань мэдээж зохиол хэдий ч одоо нэг их бичиж чадахгүй юм.
-Интернэт сүлжээн дэх харилцааны талаар эргээд асууя. Үг гэдэг хамгийн хүчтэй эд гэдэг. Сөрөг сэтгэгдлээс яаж өөрийгөө ангижруулав?
-Анхандаа цочирдоод бичихгүй гэж байсан юм. Би одоо энэ балиар юмаар орохгүй гэж. Урьд лам нар бол "дүйцэлдэх" гэж ном хаялцдаг байсан юм. Интернэт гэдэг энэ сайхан боловсронгуй багажаар та нар нэгнийхээ дэвшүүлж байгаа асуудлыг тал талаас нь шүүгээч ээ. Урьд номтой лам нар тэгж шүүж байсан юм. Одоо та нар яаж байна гэхээр, "хятадын эрлийз", "нэг намын бөгс долоогч", "хөгшин зөнөг" гэсэн юм л бичиж байна. Нэг хүн бичсэн байна лээ, саяхан. "Та настай хүн, ингэж бухимдаж юм бичээд яах нь вэ. Ертөнцийн болох болохгүй өргөсийг түүж барахгүй юм аа. Харин та гутлынхаа улыг зузаал" гэсэн. Энэ бол асуудал байхгүй юу. Гутлынхаа улыг зузаална гэвэл, энэ нийгэмд юу ч болж бай өөрөө л амьдарч байвал тэр хамаагүй гэж үзэх нь л дээ. Тэр хүн бол. Би бол багаасаа тэр өргөсийг түүх гэж хичээж ирсэн. Түүе гэж бусдыг уриалаад байгаа юм. Өргөсийг түүгээд яваад байвал нэг ахиц гарна аа даа. Гэтэл тэр хүн барагдахгүй өргөс юм байна гутлынхаа улыг зузаалъя гэхийн оронд нийгмийн үе үеийн давхаргууд, нийт түмэн олноороо тэр өргөсийг түүсээр байгаад яваандаа их сайхан Монголын нийгэм тогтоно оо гэж ийм гэрэл гэгээтэйгээр би хардаг. Тиймээс би бичиж байна.
-Бурангуй нийгэм байлаа гэж та өмнө хэлсэн. Цаг үе бүр өөр өөрийнхөөрөө бурангуйлж харанхуйлдаг. Өнөөдөр ч гэсэн өөрсдийнхөөрөө л будантаж байна. Ийм өөрийн гэсэн дэмийрлийг та зохиолчийнхоо үүднээс хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Одоо ч бурангуйлал байна. Санал нэг байна. Гэхдээ цаг үедээ дийлдээд гутлынхаа улыг зузаалаад явах нь буруу. Эхлээд мөрөө хар гэж монголчуудын үг байдаг юм. Тэгвэл энэ ардчилал байна шүү, гишгэсэн тэр социализмын далан жилээ харж байна. Зөв. Болохгүй байсан юмыг нь хэлж байгаа. Хэтрүүлээд худлаа хэлж байгаа бол буруу. Буруу зөвийг нь тэртэй тэргүй олон түмэн аяндаа шүүчихнэ. Одоо энэ шинэчлэлийн Засгийн газар гэж байна. Бас л шүүмжлэгдээд, урьдах юмаа ч шүүмжлээд л явж байгаа. Социализмын үед би нэг юм анзаарсан юм. Москвад сургуульд байхад аль орны хэвлэл, урлаг өөрийгөө дандаа магтаж байна тэр орон заавал хоцрогдсон байдаг. Аль орон өөрийгөө шүүмжилж байна, өнөөдлрийн манайх шиг Латин Америк, Арабынх ч байдаг юм уу, Япон эд нар чинь оюутнууд нь өөрсдийгөө дандаа муулж шүүмжилж байдаг байсан. Гэтэл өөрсдийгөө муулдаг улсын улс орон нь дандаа хөгжчихсөн байдаг. Би боддог юм. Бид өөрсдийгөө муулаад л байна. Дэвшил гарсан. Ард түмэн үүнийг заримдаа олж мэдрэх хэрэгтэй. Хөөрхий, дээдчүүл идэж уусан л байх. Доодчуул архичин болсон л байх. Үүнтэйгээ тэмцэж л байгаа. Ерэн оныг өнөөдрийн 2014 онтой зүйрлэхэд ахиц гарсан. Ерэн онд оросууд биднийг бие дааж хөгжиж чадахгүй гэж дооглож байсан. Оросын хэвлэлээс би тийм юм уншиж байсан. Элдэв муухайгаар биднийг доромжилж, чукча-гаар нь дуудаж байсан. Тэгэхэд бид чадна гэж бодоход л дотор сайхан байгаа юм. Би яагаад ч юм болж өгвөл хэдэн жил амьд явах юм сан гэж бодоод байна. Яах гэж амьд явах гээд байгаа гээч. Манайхан дэд бүтэц гэж яриад байнаа даа. Гурван сая хүрэхгүй хүний дэд бүтцийг барьчих мөнгө нь манайд байна. Өөрсдөө эхлээд муу хийх л байх. Түрүүч нь нурах л байх. Дахиад засах л байх. Гэхдээ цэгцрээд ирнэ. Бүх газраа халаалттай болчих юм бол аймаг, хот, нийслэл маань утаагүй болчихно. Уурхайн аман дээрээс Хятадын зах зээл хүртэл зөөчих нарийн төмөр замаа тавьчих хэрэгтэй. Дунд нь өргөнийг тавиад, дахиж нарийнийг нь гээд яаж манарч байгааг нь би ойлгохгүй байна. Мөнгө нь барагдахгүй байгаа юм уу хаашаа юм. Жил бүр л энэ тухай чалчиж байх юм. Тэр чинь ердөө нүүрс зөөх л зам шүү дээ. Оросууд монголчууд биднийг тэнэг гэж элэг барьдаг, энэ зарим талаар хэвээрээ л байгаа юм. Оросууд монголчуудад зөвлөж байгаа юм. Та нар нарийн төмөр зам тавих юм бол Хятад дайрч орж ирээд эзэлчихнэ гэж. Нарийн төмөр замгүй учраас хятад өдий хүртэл биднийг эзэлж чадахгүй байгаа юм уу. Үгүй шүү дээ. Байлдъя гэвэл, юун төмөр замаар орох. Ганц  кноп дараад л гүйцээ биз дээ. Хоёрт, Хятад шиг ийм агуу том орон Монгол руу довтолбол шившиг байхгүй юу. Залуучуудын хэллэгээр бол яршиг л байхгүй юу. Дараа нь оросууд юу гэсэн бэ гэвэл, нарийн төмөр зам тавьчихвал тийм төмөр замд ажиллах хүч Монголд байхгүй шүү дээ гэсэн. Бид яагаад сурдаггүй юм. Гурав дахь нь юу гэсэн гээч. Нарийн төмөр зам тавьчихвал Монголын наймаачид эх орны баялгийг хяналтгүй гадагш нь урсгачихна гэж. Дөрвөн жил болоод сонгосон далан зургаа хянахгүй юугаа хийж суув гэж дээ. Тэр гүйцэтгэх засаглал нь юугаа хийж байх юм. Ийм хов хоосон худлаа юм оросууд яриад, түүнийг нь манайхан арай үнэмшээгүй байгаа даа. Хятадууд дайраад ороод ирнэ, нарийн төмөр замд Монголд ажиллах хүн байхгүй гээд бүр сайд хүн яриад сууж байна. Сонссон улс нь алга ташаад ангайгаад сууж байна. Тэгэхээр л хүнийг хөгжүүлнэ гэдэг чинь чухал. Манайд баялаг байна. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл, монгол хүн толгойтой л байх хэрэгтэй. Монгол хүний оюуны баялаг маш чухал. За яахав дээ, хар ажлыг хятадуудаар хийлгэх л хэрэгтэй шүү дээ. Эд нар хар ажилд сайн. Бас хямдхан. Зуны дулаан улиралд хэдэн цаас хийгээд буцна биз. Гадаа архидаад яваад байгаа хүмүүсээр  зам тавиулж барилга бариулна гэвэл бүтэхгүй. Хэзээ ч хийхгүй. Нэг өдөр ажиллаад орой нь салхинд гараад архи уугаад ажил хаячих улс шүү дээ. Монгол хүн юу хийх вэ гэвэл, удирдах дээд түвшний нь монгол оюун эзэмшиж байх хэрэгтэй. Хөлсний ажилчид бол хятадууд нь хар бор ажлаа авч л байг яадаг юм. Хятадын хөгжлийн хаялга гэхээсээ илүү хэрэгцээ их байгааг дэхий даяараа мэдэж байна. Нэг тэрбум 300 сая хүний хэрэглэх юм гэдэг чинь маш их. Харин бидэнд зах зээл чухал. Нүүрсээ Хятад руу өгөх нь чухал. Дэл сул энэ хэвлэл телевизээр Хятадыг муулдгаа жаахан бод оо. Муулах юмыг нь олж муулбал өөр хэрэг. "Хятадууд ажиллах хүчнийхээ тоог нэм гэж шаардлаа" гэж сонин хэвлэл зурагтаар гаргаад байна. Гэтэл хятадууд шаардаагүй шүү дээ. Манай монгол компанийн эзэд хятад ажилчнаар юм хийлгэхийн тулд ажиллуулах хүнийхээ тоог монголчууд нэмэхийг хүсч байна шүү дээ.
-Та нарыг тагнах чагнах явдал байсан тухай сонин яриа мэр сэр сонсддог байсан. Эргэн санавал?
-Тагнаж л байсан байх. "Үнэн" сонин, Зохиолчдын хороо зэрэг газарт Дотоод яамны агентууд байсан юм байна лээ. Сарын тавь жаран төгрөгийн хөлс авдаг. Ер нь тэгээд мэдэгдэнэ дээ, тагнадаг хүн. Сонин юм байна лээ. Тэгж ховлодог агентуудаа социализм нурахад чехүүд олон нийтэд зарласан юм билээ. Манайх дууриайгаад, ардчиллынхны нэг, сая нисэхэд байж байгаад халагдчихав уу даа, Эрдэнэбилэг билүү Билигсайхан билүү буриад залуу сонин дээр бичсэн байсан. Намайг хөдпөө байхад. Дотоод яаманд алтан хошуу өргөдөг байсан агентуудыг хэвлэлээр зарлая гэж бичсэн байсан. Тэгэхэд зарласан бол зарлагдах хүмүүс олон байсан. Зарим улс ёстой муухай бухимдсан шүү дээ. Зарлах юм бол иргэний дайн болно гэж бухамдацгааж байсан юм.
-Та зохиолоо бичиж байна уу?
-Одоо би зохиол бичихээсээ илүү хийсэн юмнуудаа бодож байна. Гайгүй юм хийжээ. Нөгөө талаар, хуучин нийгмийг магтан дуулсан нэг ч өгүүлбэр миний зохиолд алга. Нэгд, "Тоншуул" сэтгүүлд ажилласны ач байсан байх. Хоёрт, би хар нялхаасаа гучин хэдэн онд хэлмэгдсэн улсын ар гэрт өссөн учраас тэдний нулимс надад нөлөөлсөн байх. Би социализмыг магтаагүй. Шүүмжлэхдээ дээр үеийнхээ тэр гомдлын нулимсыг зохиолдоо далд утгаар шингээх юм сан гэсэн төлөвлөгөөтэй байсан. Энэ бол аль эрт унаган багаас төрсөн бодол. Ерөөсөө би ургамал ногоогоор бол тэгж ургасан л хүн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1060
0 эможи
keyboard_arrow_up