Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ой муутай, давжаа биетнүүдийн ЭРИН АЙСУЙ

2018 оны 1 сарын 30

Arslan.mn

Том толгойтой, сэтгэн бодох чадваргүй, Д аминдэм, цус дутагдсан, намхан хүмүүс олширвол бид хэрхэх вэ. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл хэдхэн жилийн дараа Монгол ийм иргэдтэй болно гэж нэгэн судлаач ярьсан юм. Түүний хэлж буйгаар 1980 оны сүүлчээс 1990 оны эхэн үед цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн олонх нь намхан нуруутай, сэтгэн бодох чадвар муутай байсан гэнэ. Харин түүнээс хойш төрсөн хүүхдүүд их өсгөлүүн аж. Элдэв зүйлийг сурахдаа ч хурдан байжээ. Тэгвэл өнөөгийн 2-10 насныхан хэдийгээр сэргэлэн цовоо ч өсөлтийн хоцрогдолтой буюу намхан болох төлөв ажиглагдаж буй. Шалтгаан нь хооллох хэв маяг өөрчлөгдөж, идэж буй хоолных нь чанар муудсаных гэнэ.

2-10 насныхан гэж онцолсон нь учиртай. Тэд сургууль, цэцэрлэгт явдаг, өдрийн ихэнх цагийг тэндээ өнгөрүүлж буй. Хүүхдүүд өглөө, оройныхоос илүүтэй өдөр илчлэг, эрдэс бодис ихтэй хоол идэж байж эрүүл байдаг. Гэвч энэ насныхан сургууль, цэцэрлэгийнхээ хоолноос өөртөө хэрэгцээт эрдэс, шим тэжээл авч чадахгүй байгаа юм. Тэдний өдрийн хоолонд зориулсан төсөв нь хангалтгүй учраас тэр.
Зургаан зуун төгрөгөөр илчлэг, уураг ихтэй, эрдэс бодисоор баялаг хоол авч ид гэвэл та юу авах вэ. Ийм хэмжээний мөнгөөр ганц ширхэг хуушуур ч авч чадахгүйг бүгд л мэднэ. Тэгвэл сурагчид 600 төгрөгөөр “хийсэн” хоол идэж, түүгээрээ өдрийн турш гол зогоож байна. I-V ангийн сурагчдын үдийн цайнд 600 төгрөг зарцуулах тооцоотой учир сургуулиудын тогооч нар голдуу мантуун бууз, пирожки, ороомог, боорцог, будаатай хуурга хийж өгдөг юм байна. Хүүхдүүд сургууль дээрээ байхдаа нэг ширхэг мантуун бууз идэж, аяга цай ууна. Эсвэл нэг ороомог идэж, чацарганы шүүс уудаг.

Мантуун буузны гурилыг иддэг хүүхэд тун ховор. Ялангуяа, I-III ангийнхан үдийн хоолоо дуустал нь иддэггүй. Ядаж нэг хүүхдэд 1000 төгрөг зарцуулдаг болчихвол нөхцөл байдал өөрчлөгдөнө” гэж Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн тогооч ярив. Нийслэлийн 97, 84, 111 зэрэг сургуулийн тогооч нар ч түүний хэлснийг давтаж, хоолонд зарцуулж буй төсвийг нэмэх шаардлагатайг онцолсон. Хатуухан хэлэхэд “ Хүүхдүүдийг өлсгөхгүйн тулд ходоодыг нь дүүргэх арга хэмжээ л авдаг. Хоолноос авах шим тэжээлийг хэдийнэ мартчихсан” гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй нь.

Шим тэжээл, эрдэс бодисоо идэж буй хоолноосоо хангалттай авч чадаагүй хүүхдийн оюуны чадамж 10-15 хувиар буурч, сурах эрмэлзэл нь багасдагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ. Улмаар бие нь давжаарах, таргалах болон аливаа өвчинд өртөмтгий болох цус багадалт, рахиттай болох гэх мэт маш олон эрсдэл байдаг байна. 2005 оноос хэрэгжиж эхэлсэн “Үдийн цай” хөтөлбөр үр дүн муутай байсны уршгаар өдгөө I-V ангийн сурагчдын 13 хувь жингийн илүүдэлтэй, 31 хувь намхан, 29 хувь нь туранхай байгаа юм.
“Цэцэрлэгийн хүүхдүүд хоолоороо дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олж авдаг. Өөрөөр хэлбэл, шим тэжээл авахаас гадна хорвоотой танилцаж байдаг гэсэн үг. Харамсалтай нь, Монголын нөхцөлд элдэв жимс, жимсгэнэ, далайн гаралтай бүтээгдэхүүн өгөх боломжгүй. Одоогийн төсөвлөсөн хөрөнгөөр тэжээллэг хоол өгөхөд ч хүндрэлтэй учир хооллох боловсрол олгоно гэж байхгүй шүү дээ” хэмээн хоол судлаачид хэлсэн юм.

БСШУСЯ-ныхан өнгөрсөн онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмж, эцэг, эхчүүдээс авах санал гарган, Засгийн газарт хүргүүлж байв. Хэрэв үүнийг дэмжвэл эцэг, эхчүүд сард 25 000 төгрөг өгдөг болно гэсэн үг. Гэвч Засгийн газрын гишүүд өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гаргалгүй, уг асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Сургуулийн насны хүүхдүүдийн 31 хувь нь намхан байгааг дахиад онцолъё. Үүний гол шалтгаан нь хүүхдүүд өдөр тутмын хоолноосоо хангалттай тэжээл авч чадахгүй байгаа явдал юм. Хүүхдүүд цэцэрлэгтээ шим тэжээлээ авч чадалгүй сургуульд орж, улмаар тэжээлийн дутагдалд орсоор байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл манай улс ой муутай, дамжаа биетэй иргэдтэй болоход ойрхон боллоо.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53110
2 эможи
keyboard_arrow_up