Ковид ба шүүх
Анх 2019 оны арваннэгдүгээр сард Ковид-19 цар тахал дэлхийн улс орнуудаар тархаж эхэлснээс хойш Монгол Улс цар тахлын өндөр эрсдэл бүхий улсын тоонд багтаж байсан хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу нийтийн эрүүл мэндийн хэм хэмжээг сахих болон зохих арга хэмжээнүүдийг авч амжилттай хэрэгжүүлж байсан юм.
Улмаар Монгол Улсын их хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуульд зааснаар шүүх, прокурорын байгууллагууд тусгай журам боловсруулан ажиллах талаар зохицуулалт тусгасан байдаг.
Сүүлийн өдрүүдэд Ковид-19 цар тахлын дотоодын тархалт нэмэгдэж хөл хорио тогтоож, албан байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл үүсэж байна. Гэсэн хэдий ч шүүх байгууллагын ажиллагаа тасралтгүй үргэлжлэх шаардлагатай юм.
Олон Улсын шүүгчдийн холбооноос Ковид-19 цар тахлын үед гишүүн орны шүүх байгууллагууд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар судалгааг гишүүн орнуудын дунд явуулсан байна. Судалгааны үр дүн тухайн оронд цар тахлын халдварын тархалтаас хамааран харилцан адилгүй гарчээ. Канад, Шинэ Зеланд болон АНУ-ын шүүх байгууллагын сайн туршлагын талаар цаашид өгүүлэх болно.
Энэхүү судалгаа нь цар тахлын үед шүүх байгууллагаар үйлчлүүлж буй иргэд болон шүүхийн ажилчид, шүүгч халдвар авах эрсдэлийг бууруулж аюулгүй ажиллах талаарх олон улсын шүүхүүдийн сайн туршлагыг үндэслэн үр дүнтэй санал зөвлөмжийг дэвшүүлэхийг зорих болно.
Канад
Цар тахлын нөхцөл байдлаас хамааран Канадын шүүх байгууллага тодорхой өөрчлөлтүүдийг хийжээ. Үүнд шүүхийн үйл ажиллагаа нь ихэвчлэн цаасан хэлбэрээр явагддаг байсан тул цар тахлын үед хүн хоорондын харилцааг бууруулах зорилгоор нотлох баримт болон холбогдох бусад бичиг баримтыг шуудан болон цахим шуудангаар хүлээж авч эхэлжээ. Цахим шуудангаар нотлох баримт болон холбогдох бичиг баримтуудыг хүлээж авснаар цахим шууданд хэт их ачаалал үүсэж төвөгтэй нөхцөл бий болжээ. Үүнээс үзэхэд цахим нотлох баримт хүлээж авах тодорхой платформ шаардлагатай ажээ.
Мөн цахим хэлбэрээр шүүх хуралдаан явуулж эхэлсэн бөгөөд энэ талаар шүүгчдэд зохих сургалт явуулж, цахим шүүх хуралдааныг амжилттай явуулж чаджээ. Хууль эрх зүйн талаар цар тахалтай холбоотойгоор тодорхой өөрчлөлтийг хийгээгүй ч шүүх байгууллагууд болон төрийн зохих байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллажээ.
Шинэ Зеланд
Эрсдэл өндөр болсон үед шүүх байгууллагын удирдлагууд хуулийн системийн нийт төлөөлөлд хандан хэрхэн хууль ёс, хүний эрхийг дээдэлж шүүн таслах ажиллагааг үргэлжлүүлэх талаар зөвлөмжийг хүргүүлжээ. Уг зөвлөмжид дурдсанаар цахим шүүх хуралдаан хийх, нотлох баримт болон холбогдох баримт бичгийг шуудангаар хүлээж авах, зайлшгүй тохиолдолд утсаар цаг товлож, шүүгчийн туслахтай уулзах, шүүхийн ажилчдыг хэд хэдэн ээлжээр сэлгэн ажиллуулах гэх мэт арга хэмжээнүүд авжээ.
АНУ
Тус улсын шүүх байгууллагууд нь байгалийн гамшиг болон урьдчилан тааварлашгүй онцгой нөхцөлд ажиллаж байсан туршлагатай юм. Энэхүү судалгаа нь АНУ-ын Жоржиа мужийн туршлагыг танилцуулах болно. АНУ-д цар тахлын тархалт өндөр байгаа тул тухайн мужийн ерөнхий шүүгч “Шүүхийн онц байдлыг” зарлаад байгаа билээ. Цар тахлын үед шүүх хэрхэн ажиллах талаар судалгаа хийн ажиллах шүүгч, прокурор, өмгөөлөгч нараас бүрдсэн баг байгуулан шүүхийн онцгой ажиллагааны журмыг боловсруулжээ. Энэхүү журам нь дараах зүйлсийг багтаажээ.
Үүнд шүүх хуралдаанд оролцогчид хүсвэл өөрийн эрүүл аюулгүй орчинд байх эрхээ эдэлж шүүх хуралдаанд биечлэн оролцохоос татгалзах хүсэлтийн загварыг боловсруулжээ.
- Мөн нотлох баримт болон холбогдох бусад баримт бичгийг цахим шуудангаар хүлээж авах, эсхүл шүүхийн үүдэнд баримт бичиг хүлээж авах хайрцгийг тогтмол цагуудад ажиллуулж хүлээж авах,
- Хэргийн оролцогчдод тодорхойгүй байдал үүсгэхгүй байх үүднээс шүүх тус бүр мэдээлэл өгөх утас эсхүл цахим зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах, хэргийн оролцогчид интернэт ашиглан цахим хуралдаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, цахим хэлбэрээр оролцох боломжгүй бол дэлгэцээр зохион байгуулах боломжтой.
Цахим болон дэлгэцээр зохион байгуулах тохиолдолд шүүгч, шүүгчийн туслах, өмгөөлөгч, прокурор хуралдааныг цахим ямар платформ ашиглан явуулах талаар зөвшилцөх гэх мэт үр дүнтэй аргуудыг хэрэглэж байна.
Иймд шүүхүүдэд Цар тахлын халдварын эрсдэлийг бууруулан ажиллах дараах аргуудыг санал болгож байна.
- Шүүхийн ажилчдыг хэд хэдэн ээлжээр сэлгэн ажиллуулах,
- Нотлох баримт болон бусад баримт бичгийг шуудан болон цахим шуудангаар хүлээн авч хэт их ачаалал үүсэхээс сэргийлж холбогдох баримт бичиг хүлээж авах хайрцгийг тодорхой цагуудад ажиллуулах,
- Шүүхүүд утас болон өөрсдийн Facebook хуудасны чатаар иргэдэд хэргийн хөдөлгөөний талаар мэдээлэл олгох,
- Шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах (Zoom), хэргийн оролцогчид интернэт ашиглан цахим хуралдаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, цахим хэлбэрээр оролцох боломжгүй бол дэлгэцээр зохион байгуулах,
- Цахим болон дэлгэцээр зохион байгуулах талаар шүүгч, шүүхийн ажилтнуудад сургалт зохион байгуулах,
- Хэргийн оролцогчид хүсвэл эрүүл аюулгүй орчинд байх эрхээ эдэлж шүүх хуралдаанд биечлэн оролцохоос татгалзах хүсэлтийг гаргах боломжийг олгох,
- Төрийн зохих байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж нийтийн эрүүл мэндийн хэм хэмжээг сахих зэргийг багтаасан цар тахлын үед ажиллагааны журмыг батлах нь зүйтэй.
Баянгол дүүргийн ЭХАШШ-ийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ