Сэтгэл дэх “ангал” буюу АРХИНЫ ХАМААРАЛ Сэтгэл дэх “ангал” буюу АРХИНЫ ХАМААРАЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэл дэх “ангал” буюу АРХИНЫ ХАМААРАЛ

2022 оны 6 сарын 02

Arslan.mn

“Өнөөдөр л уухгүй юм шүү” гэсэн зорилгыг өдөр бүр өөртөө тавиад архинаас татгалзаж, амьдралаа өөрчлөхийн төлөө зүтгэж яваа нэгэн байхад согтууруулах ундааны хамааралтай болсноо мэдэхгүй, мэдсэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй хэсэг бүлэг бий.  “Архинд донтох нь өвчин юм. Өвчтэй хүнд эмч хэрэгтэй байдаг шиг архинд донтсон хүнд тусламж зайлшгүй шаардлагатай. Манай төвд эмчлүүлээд гарсан хүмүүс удаан хугацаанд эмчилгээгээ үргэлжлүүлэхийн тулд бүлгийн уулзалтууд зохион байгуулдаг. Зарим тохиолдолд ямар ч шалтгаангүй архи уумаар санагдах үе бий. Энэ бүхнийг бүлгийнхээ хүмүүст илэн далангуй ярьж, өөрсдийн туршлагаа хуваалцаж, гарц шийдлийг олж, эрсдэлээс сэргийлж чаддаг. Харин ийм уулзалтад хамрагддаггүй хүмүүс эргээд архи уух магадлал өндөртэй” хэмээн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга ярьсан.

Архинд донтох эмгэг нь удаан хугацаанд үргэлжилдэг, архаг хэлбэртэй, дахих эрсдэлтэй гэнэ. Архи хэтрүүлэн хэрэглэснээр хүний уураг тархинд өөрчлөлт ордог учраас үндсэн гол эмчилгээ нь сэтгэл засал аж. Ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл заслын эмчилгээний зэрэгцээ хордлого тайлах, аминдэм, эрдэс нөхөх, эмийн эмчилгээг тусгайлсан эмнэлгүүдэд хийдэг. Тодруулбал, Улаанбаатар хотод Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн төв, Төв аймаг дахь Албадан эмчилгээний төв, хувийн хэвшлийн зарим эмнэлэгт дээрх үйлчилгээг үзүүлж буй юм. 

Архи савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр бусадтай маргалдах, гар зөрүүлэх, осол гаргах, хүчирхийлэл үйлдэх, цаашлаад хүн амины хэрэгт ч холбогдож мэднэ. Ийм аюултайг нь  мэдсээр байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй, архидан согтуурсан үедээ гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн энэ оны нэгдүгээр улиралд гарсан осол гэмтлийн шалтгааны тоон мэдээнээс харахад гэмтсэн нийт тохиолдлын 9.3 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртсөн байна. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртөж буй тохиолдол нэг сард 1200 гаруй бүртгэгддэг аж. Түүнчлэн архи уусан үедээ гэмтсэн хүмүүсийн 42.2 хувь нь бусдыг хүчирхийлсэн, эсвэл бусдад хүчирхийлүүлсэн шалтгаанаар гэмтэл авчээ.

Түр зуурын гуниг гутрал, уйтгараа архиар тайлж, хэсэг зуурын “жаргал”-ыг мөнх юм шиг эндүүрсээр эцэстээ архинд донтох эмгэгтэй болж буйг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Энэ эмгэг нь даамжирсаар сэтгэл гутрал цаашлаад амиа хорлоход ч хүргэдэг аж. Амиа хорлосон хүмүүсийн олонх нь эрчүүд. Тэр дундаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийм болчимгүй үйлдэл хийсэн тохиолдол цөөнгүй.  Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад монголчуудын 6.2 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Сэтгэцийн эмгэгийн ямар нэг асуудлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн олонх нь сэтгэл гутрал гэж оношлогджээ. Сэтгэл гутралд орсноор хүн өөртөө итгэлгүй болж, ганцаарддаг, ажлын бүтээмж буурдаг, ядарч сульддаг байна. Энэ таагүй байдлаас гарах, сэтгэл санаагаа түр хугацаанд өргөхийн тулд архи, согтууруулах ундаа хэрэглэх нь тус болох бус, эргээд сэтгэл гутралын гүн хямдралд оруулж, бүр том “ангал” үүсгэдэг байна. Сэтгэлээ засах биш, давхар архины асуудалтай болгодыг Ж.Гантулга эмч анхааруулсан. Энэ нь архиар асуудлыг шийдвэрлэх боломжгүй, харин ч илүү хор уршигтайг баталж буй юм. Өнгөрсөн сарын 23-нд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дөрөвдүгээр давхрын цонхоор 52 настай, эрэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач сэтгэл санааны хувьд тогтворгүй байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлгээр үйлчүүлэхийн өмнөх хэд хоногт архи, согтууруулах ундаа хэрэглэж байсан гэнэ. Энэ мэт осол гэмтэл, амиа хорлолт, гэмт үйлдэл зэрэг нь архитай ямар нэгэн байдлаар холбогддог нь харамсалтай. 

Архинд донтох эмгэгтэй хүмүүсийн 30 орчим хувь нь эмчилгээний үр дүнд “засарч” чадвал олон улсад үүнийг “болж байна” гэж үнэлдэг аж.

Харин манай улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурахгүй, тогтвортой түвшинд хэвээр байгаа юм. Өөрөөр Монгол Улс нь архины хэрэглээ өсөж буй, Азийн дөрвөн орны нэг. Манай улс архины хэрэглээг бууруулахын тулд хүртээмжийг багасгах, татвар, үнийг нь нэмэх зэргээр арга хэмжээ авч буй ч дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа юм. Тэр ч бүү хэл, архины хэрэглээ эмэгтэйчүүдийн дунд нэмэгдэж буйг СЭМҮТ-ийнхөн хэлдэг. Дэлхий дахинд нэг минут тутамд архины улмаас зургаан хүн хорвоог орхиж, жилд гурван сая иргэн нас барж байна гэсэн статистик бий. Манай улсад ч мөн ялгаагүй хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судас, хавдрын өвчлөл, осол гэмтлийн анхдагч эх үүсвэрт архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нөлөөлсөөр. Баяр ёслол, тэмдэглэлт өдөр, эсвэл уйтгар гуниг, заримдаа ямар ч шалтгаангүйгээр архи хэтрүүлэн хэрэглэдэг “муу зан” монголчуудад байдаг нь нууц биш. Ахиж олдохгүй мэт, ухаанаа алдатлаа архи ууж, амьдралаа үрсэн тохиолдол цөөнгүй.

Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүн дунджаар амьдралынхаа идэвхтэй 29 жилийг алддаг гэж үздэг.

Архи нь уураг тархи, төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээж, элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхай зэрэг бүх л цуллаг эрхтэнд сөргөөр нөлөөлдгийг эмч нар хэлж буй. Зөвхөн тухайн хүний бие махбодыг өвчлүүлээд зогсохгүй гэр бүл, хайртай дотнын хүнийнх нь сэтгэл зүрхэнд хар толбо үлдээдэг. Архи уудаг хүний гэр бүл, үр хүүхэд нь үргэлж айдас, дарамт, хүчирхийлэл дунд байдаг. Эрүүл ухаанаа алдсан этгээд сэтгэлийн хэт хөөрөлд автаж, санаанд оромгүй хэрэг түвэг өдүүлдгийг хэн хүнгүй мэднэ. Хүний санаанд багтамгүй аймшигт хэргүүдийг архидан согтуурсан үедээ үйлдэх нь цөөнгүй. Олны танил эрхмүүдийн үйлдлээс эхлээд ахуйн хүрээний хүчирхийлэл, гэмт хэрэг архинаас л үүдэлтэй гардаг шүү дээ. 
Архи нь хүнсний бүтээгдэхүүн шиг хүний биед дутагддаг зүйл биш болохыг сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар хэлж байна. Харин манайхан “Хүний биед спирт дутагддаг”, “Нэг удаа уухад яав гэж” хэмээн тоглоом шоглоомоор нэгнээ уруу татах, баяр ёслолын үеэр нэгэндээ согтууруулах ундаа бэлэглэх зэрэг нь архины хамааралтай болоход нөлөөлж буй үйлдэл юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь “далд хүчирхийлэл” гэж нэрлэдэг аж.

Нэг жишээ хэлье, 2017 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ажлын хамт олон нь нэг эмэгтэйг архиар шахаж, далд хүчирхийлэлд өртүүлжээ. Ингээд өнөөх эмэгтэй согтуугаар машинаа жолоодож яваад авто осол гаргаж, хүнд гэмтсэн байна. Харамсалтай нь, баярлуулах биш, амьдралыг нь орвонгоор эргүүлсэн ажлын хамт олон нь хөөрхий эмэгтэйг мартаж орхиж. Хөгжлийн бэрхшээлтэй болсон тэр эмэгтэй сэтгэл санаагаар унаж, архи хэтрүүлэн хэрэглэх болжээ. Тэрбээр таван жил архинд “толгойгоо мэдүүлсэн ч” 2021 онд СЭМҮТ-д хандаж, эмчлүүлснээр архи огт хэрэглэхээ больсон байна. Ахиж алдахгүйн төлөө тэрбээр хичээж яваа гэнэ. Хэн ч өөрийгөө архи хэтрүүлэн хэрэглэдэг гэж хүлээн зөвшөөрдөггүй. Архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс “Би уудаггүй”, “Би согтоогүй байна” гэж өөрийгөө өмгөөлөх нь олонтой. Гэтэл мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар сард хоёр удаа архи уудаг бол энэ нь хэтрүүлэн хэрэглэж буйн илрэл гэнэ. Цаашлаад сард дөрөв, таван удаа гэх мэтээр архи уух тохиолдол нэмэгддэг аж. Өөрт байгаа бүх үнэт зүйлээ нэг нэгээр нь алдаж, харанхуй нүх рүү “унасны” дараа л архины хамааралтай болсноо ойлгодог нь харамсалтай. Архинд донтох нь дуртай үедээ “эрүүл” болчих боломжгүй эмгэг бөгөөд сэтгэцийн эрүүл мэндтэй шууд холбоотой юм. Заавал эмчилгээ, цаг хугацаа шаардлагатай. Сүүлийн үед архины дуршил бууруулах, харшил үүсгэх эм, суулгац, тариа эмчилгээний олон төрөл бий болсон гэнэ. Тухайн хүн хичээл зүтгэлээс гадна гэр бүлийн дэмжлэг, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар архины эмгэгээг салах боломжтойг СЭМҮТ-ийнхөн хэлсэн.

Танд асуудал байвал тус төвийн 24 цагийн мэдээллийн утас 1800-2000 дугаарт хандаж болох нь. Ганц олдох амьдралаа хар усны хамааралтай өнгөрөөх нь дэндүү хайран биш гэж үү
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637555
7 эможи

Naran
2022-06-02 19:49
arhinii hamaaraltai humuus hetsuu shuu
Saruul
2022-06-02 19:44
Маш хэрэгтэй юм бичижээ
keyboard_arrow_up