Социализм ба капитализм Социализм ба капитализм
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Социализм ба капитализм

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Доржсүрэнгийн Баярсайхан, Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны магиср (MPH), Анагаахын шинжлэх ухааны доктор (PhD)

Гарчиг хараад хүмүүс гайхаж магадгүй. Сүүлийн үед сошиалаар социалист, капиталист системийн тухай яригдаж өнөөдрийн зарим бэрхшээлийг капитализмд орсноор, эсвэл бүрэн орж чадахгүй социализмтай зууралдаад байгаа учраас хэмээн тайлбарлаж байна. Зарим хүмүүс социализмд үлдсэн цор ганц салбар бол эрүүл мэнд. Хүмүүс иддэг талхаа хүртэл мөнгө төлж авдаг байтал манайд эрүүл мэнд үнэгүй. Ийм орон дэлхийд хаана ч байхгүй. Зах зээл хөгжсөн газар эмч өндөр орлоготой байдаг бол манайд эсрэгээр, яагаад гэвэл эрүүл мэнд үнэгүй учраас эмчийн ажлыг үнэлдэггүй, энэ хэрээр эмч буяны ажил хийж байна. Эрүүл мэндийг үнэтэй болговол зохих ёсоороо бүх юм байрандаа орж эмчийн хөдөлмөр үнэлэгдэнэ. Үүний тулд эрүүл мэндийг бүрэн утгаар нь зах зээлд яаралтай шилжүүлэх, эмнэлгийг хувьчлах, эмнэлэг өөрөө мэдээд дэлхийн хамгийн сайн эм, багаж, технологи оруулж ирэх, өрсөлдүүлэх аваас иргэд сонголттой, эрүүл мэнд үнэтэй болж хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарна гэсэн төсөөлөл их байна. Эмч ярьж байгаа бол салбарын хүн асуудлаа мэдэж байгаа гэсэн итгэл, үнэмшил олны дунд байх ч үнэн хэрэгтээ дээрх асуудлууд бол эмчээс илүү эрүүл мэндийн эдийн засаг, удирдлага, тогтолцооны мэдлэг шаарддаг сэдвүүд юм. Хэрэв мэдэж байгаа бол байр сууриа мэргэжлийн түвшинд ярьж, бичиж, тайлбарлаж илэрхийлэхээс бус хийх юм ч их байна даа гэж бөөрөнхийлэх, өөрийн нэг асуудлыг салбарын, ард түмний амин чухал асуудал мэт болгох, эсвэл та нар яамаар байна, юу хүсч байна гэж сошиалаар асуулга явуулж шийддэг сэдэв биш юм.  

Манай улсын эдийн засгийн шилжилтийн үеийн эрүүл мэндийн салбарын нөхцөл, байдалд хийсэн өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн зорилго, утга агуулга, ач холбогдол, үр дүнг 2023 онд гарсан Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын түүх номноос үзэж болно (1). Аливаа юмны мөн чанар, утга агуулга, хоорондын холбоос, залгамж чанар, ялгааг хийсвэрээр харж төсөөлсөн үзэл, бодол, лобби, нөлөө ихсэж улмаар улс төрд орж ирвэл эрүүл мэндийн салбарт одоо хийж буй өөрчлөлт, шинэчлэлийг сааруулаад зогсохгүй олон талын сөрөг нөлөө, үр дагавар үүсэх эрсдэл өндөр юм. Ийм учраас дээр дурдсан зарим ойлголт, төсөөллийг мэргэжлийн байр сууринаас тодруулах зорилгоор энэхүү өгүүллийг бичлээ. Сэдвүүд нь том, бүгд хоорондоо холбоотой учир нэг өгүүлэлд бүгдийг багтаах боломжгүй тул хэсэгчилсэн гарчиг дор өнгөц дурдаж үлдсэнийг нь сонирхсон хүмүүс цааш дэлгэрүүлэн уншиж, судалж санал, бодлоо солилцох боломжийг олгож байна. Холбогдох хэсгүүдэд сошиал сүлжээ болон олон улсын байгууллагын эх үүсвэрээс авсан зураг, график ашигласан болно.

Эрүүл мэнд ба хөгжил

Хүн амын эрүүл мэнд улс орны хөгжил, дэвшил төдийгүй аюулгүй байдалд шууд нөлөөлдөг учраас үүнд сэтгэлийн хөөрөл, хоосон төсөөллөөр биш харин шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан, хөгжлийн тухайн үе шат, бодит амьдралд нийцсэн бодлого, шийдэлд  хүрэхийг дэлхий нийт зорьдог (2). Эрүүл мэнд ба хөдөлмөрийн бүтээмж, цаашлаад эрүүл мэнд ба эдийн засаг, нийгмийн хөгжил хоорондын харилцан уялдаа, хамаарлыг XIX зууны дунд үеэс эхлэн онцолж үзсэнээр өнөөдөр эрүүл мэндийн асуудал макро эдийн засаг (macro economics and health) болоод нийгмийн хамгаалал, хөгжил (social security, social health protection, social determnents of health)-ийг тодорхойлсон онол, үзэл баримтлалд бүрэн тусч дэлхий нийтийн хөгжлийн зорилт (Millenium Development Goals, Sustainable Development Goals) болон тавигдах болжээ.

Arslan.mnТовчдоо эрүүл мэндийн хөгжлийн бодлого, өөрчлөлт, шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлэх ажил нийт хүн амд хамаатай учраас зөвхөн нэг салбар, эсвэл нийтэд хүртээлгүй ашиг, сонирхолоор нэгдсэн нэг хэсэг, бүлэг хүмүүс болоод нэг ухаантай хүний бодол, хүсэл, төсөөллөөр хийгдэх туршилт болоод үр дүнг гаргаж тооцохгүй орхиод явдаг, буцаж ирээд дахиад эхэлдэг зүйл биш юм. Хаана ч адил эрүүл мэнд бол эдийн засаг, нийгмийн хөгжил дунд төлөвшиж тогтсон чиг хандлага, бодит зүй тогтол, өвөрмөц онцлогтой, үндсэн зорилгоо дагаад тухайн цаг үеийн хөгжлийн нөхцөл, байдал дор үүсдэг нийгмийн олон талт харилцаа, үйлчлэл, цаг үеийн шаардлагад суурилсан судалгаа, нотолгоо ашиглаж сайжирдаг, залгамж чанараа хадгалж байж үр дүнд хүрдэг онцгой салбар билээ.

Социалист ба капиталист онол

Социалист улс төр, эдийн засгийн ухаанд нийгмийн харилцааг хүй нэгдлийн үеэс боол, фёодал, капиталист, социлаист, коммунист хэмээн үе шат болгож сүүлийн хоёроос өмнөх нь дарлагч, мөлжигч хэмээгдэж байв. Баруунд нийгмийн хөгжил, зохион байгуулалтыг улс төр, эдийн засаг, зах зээл, засаглалын онол, хуультай холбож Адам Смит, Алфред Маршал, Карл Маркс зэрэг түүхэн хүмүүсийн үзэл бодол, философийг жишээ болгодог. Үүнээс үүдээд социализм, капитализм хоёрын гол ялгаа нь иргэдийн аж амьдралыг дээшлүүлж сайжруулах үндсэн зорилгодоо хүрэх үйлдвэрлэлийн арга, эдийн засгийн харилцаанд оршдог. Эхнийх нь ард түмний нэрээр улс бүгдийг өмчилж, захиран зарцуулж, шийдэх онол, үзэл баримтлалд тулгуурладаг бол сүүлийнх нь эрэлт, хэрэгцээ, нийлүүлэлтэд суурилсан зах зээл, өрсөлдөөн, “үл үзэгдэгч гар”-ын хууль, зохицуулалтыг эрхэмлэж эдгээр онол, үзэл бодлоо дэмжиж хэрэгжүүлэх өөр өөрийн улс төр, үзэл суртлын механизмыг үүсгэсэн байдаг. Цаг хугацааны шалгуураар эдийн засгийн социалист онол өөрийн давуу байдлаа нотлон харуулж чадаагүй учраас түүх болж үлдлээ. Гэхдээ тэгш байдал (equity)-д суурилсан нийгмийн хөгжлийн “социалист” үзэл, баримтлал өмнө нь байсан, одоо ч байна, цаашид ч байх нь дамжиггүй. Үүний баталгаа нь нийгмийн тэгш байдлыг хангаж хөдөлмөр эрхлэлт, орлого, иргэдийн нийгмийн хамгааллын бодлогод илүү анхаардаг эсвэл чөлөөт зах зах зээл, өрсөлдөөнд илүү ач холбогдол өгдөг зүүний эсвэл барууны чиг баримжаатай улс төрийн хүчнүүд ихэвчлэн төрд сонгогдож тухайн цаг үедээ улс орноо удирдан хөгжүүлж иржээ. Харин эрүүл мэндийн салбарын үндсэн зорилго, агуулга, шинж чанар нь өөрөө түүнийг зүүн, баруун гэж хуваах боломжгүй болгодог ч хөгжлийн тухайн шатанд тавьсан зорилтод хүрэх бодлого, шинэчлэл, хэрэгжүүлэх арга замаар улс орнууд хоорондоо ялгардаг.

Arslan.mnӨнөөдөр дэлхийн бүх улс, орон эрүүл мэндийн бүх нийтийн хамралт (universal health coverage)-д хүрэх зорилттой ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд нийт иргэдэд хэрэгтэй үед нь эрүүл мэндийн шаардлагатай, чанартай тусламж үзүүлэхийн тулд үйлчилгээний нэр төрөл, багцаа гаргаж түүнд бүх насны хүмүүсийг хамруулах, зардлыг нь санхүүжүүлэх арга, механизмыг тодорхой болгох шаардлага бүгдэд нэгэн адил тавигдаж байна (3).

Жишээ нь цөөн нэрийн өндөр үнэтэй, голдуу хувь хүнд хамаатай тусламжийг голлож багцад оруулах уу, эсвэл нийтэд хүрэлцээтэй бага зардлаар олон хүнд хүрдэг үйлчилгээнд илүү ач холбогдол өгөх үү, тэдгээрийг төрийн оролцоотой урьдчилсан төлбөрийн аргаар санхүүжүүлэх үү, эсвэл хувийн төлбөр дээр суурилах уу зэрэг асуудлууд ил тод, тодорхой байх шаардлагатай. Үүнд улс төрийн дэмжлэг, мэргэжлийн хүмүүсийн оролцоо, судалгаа, нотолгоо чухал нөлөөтэй байдгыг бодлого, шийдвэр гаргагчид анхаарч хамртан ажиллавал илүү үр дүнд хүрч ач тусыг нийт иргэд хүртэж эрүүл мэндийн бүх нийтийн хамралт биелэлээ олох юм.

Тэгш ба тэнцүү байдал

Arslan.mnНийгмийн тогтвортой хөгжилд тэгш болоод тэнцүү байдлын тухай ойлголт  чухал  үүрэгтэй. Заримдаа энэ нэр, томьёог социализмтай холбож байгаа харагддаг. Үнэн хэрэгтээ зах зээлийн эдийн засгийн орчинд ялангуяа нийгмийн асуудлыг шийдэхэд дээр ойлголт, үзэл баримтлалыг зарчим болгодог. Учир нь хүн бүрийн бодит боломж, авьяас, чадвар, чадамж өөр учраас тэдний нийгэмд эзэлж буй байр суурь, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, насны онцлогоос хамаарсан хэрэглэгээ гээд өөр хоорондоо ялгаатай бүхнийг улс орны нийгмийн хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжүүлдэг. Жишээлбэл, улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжилд анхаарч тэдэнд олгох халамжийн мөнгийг тэнцүү эсвэл тэгш байдлаар шийдэж болно. Өрхийн орлогын ялгаа харьцангуй бага нөхцөлд хүүхэд бүрд халамжийг тэнцүүлж өгвөл хүртээмжтэй бодлого болно. Орлого эрс ялгаатай оронд бүгдэд тэнцүү халамж бус харин орлого багатай өрхийн хүүхдэд хандсан бодлого явуулснаар нийгэмд тэгш байдал илүү хангагдана. Үүний тод жишээг яг одоо Европын 37 оронд эрхээ аваад гарч эхэлж буй  П.Золжаргалын “Баавгай болохсон” кино харуулж байна (4). Нийгмийн тэгш байдлыг хангах бодлогын үндсэн зорилго нь хувь хүний өөрийн бодит боломж, чадвар, чадамж, насны онцлог, эрүүл мэндийн байдал болоод хүнээс төдийлөн үл хамаарах бусад хүчин зүйлсийн улмаас үүсдэг ялгаатай байдал иргэд үндсэн эрх (basic human rights)-ээ эдлэх, нийгмийн үндсэн үйлчилгээ (basic social services) авахад нь хориг, саад болж ялгаварал үүсгэхээс сэргийлэх явдал юм. Энэ зарчим дэлхийн бүх улс орны боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт мөрдөгдөж байна. Үүнийг харин ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, нийтийн сан, баялаг бүтээхэд оролцдоггүй, бусдын хөдөлмөр, боломжийг завшиж, шимж амьдардаг хүмүүсийг дэмжиж тэтгэх, үндэсний орлого, улсын төсвийг нийгмийн халамж, тэтгэмж нэрээр нийтэд нь тэнцүү тарааж хавтгайруулах, тэгшитгэж хуваах зэрэг сөрөг үр дагавартай арга хэмжээнээс салгаж ойлговол зохилтой.

Социалист, капиталист эрүүл мэндийн тогтолцоо

Arslan.mnНийгмийн бодлогын мөн чанар тусч, илэрч байдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өвчтөн төлбөр хийхгүй, “үнэгүй” бол социалист, үнэтэй, төлбөртэй бол капиталист гэж өнгөц харж хэрхэвч болохгүй. Эдгээр асуудлыг эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд авч үзвэл илүү ойлгогддог. Эрүүл мэндийн салбар бол хүний эрүүл мэндээр бизнес хийх зорилготой  үйлчилгээний нэгдэл биш бөгөөд олон шалтгааны улмаас эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн хууль эрүүл мэндэд үйлчилдэггүй тул түүнийг төгс бус зах зээл гэж үздэг онцлогтой. Жишээ нь хүн өвчин тусах, өвчнөө оношлох, эмчлэх үйл ажиллагааг өөрөө шийдэж, удирдаж зохицуулах боломжгүй. “Үйлчлүүлэгч та хаан” гэдэг ойлголт эрүүл мэндийн үйлчилгээнд байдаггүй гол шалтгаан нь чөлөөт зах зээлийн үндсэн нөхцөл болдог мэдээллийн нээлттэй байдал хязгаартай, хэрэглэгч биш тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч мэдээллийн давуу эрх эдэлдэг, өвчөнд нөлөөлдөг. Энэ өрөөсгөл байдал зах зээлийн үйлчлэлийг гажуудуулдаг учраас нэг талаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нөгөө талаас эмчийн үүрэг, хариуцлагыг өндөр хэмжээнд байлгах шаардлагыг хангах гэж төр оролцдог. АНУ гэхэд 10 илүү жил сурч, дадлагажиж байж сая хуулийн дагуу бие дааж өвчтөн үзэх, эмчлэх лизензээ авч хэрэв ноцтой алдаа гаргавал энэ нь хураагддаг. Төрийн татаас, санхүүжилтээр үзүүлдэг төлбөргүй, хямдралтай тусламж, үйлчилгээ иргэнээ хамгаалсан төрийн бодлогын жишээ болдог. ДЭМБ-аас Европын 40 оронд хийж 2023 онд нийтэлсэн судалгааны илтгэлд хуучин социалист гэгдэж байсан ихэнх орон зах зээлд шилжин орж байгаатай холбогдуулж төрийн санхүүжүүлтийг бууруулж хувийн төлбөрийг өргөн хэрэглэж ирснээр өвчтөний хувиасаа хийдэг төлбөр эрүүл мэндийн нийт санхүүжилтийн 40-80 хувийг эзлэх болжээ. Энэ нь тэдгээр орнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш байдал, хүртээмж, хамралтад нөлөөлж улмаар иргэдээ ядууралдаг нэг шалтгаан болсон байна. Гэтэл зах зээл өндөр хөгжсөн Англи, Герман, Франц зэрэг оронд улсын, өөрөөр хэлбэл татвараар бүрддэг төсөв, албан журмын даатгалаар дамждаг санхүүжилт давамгайлж байдаг учраас хувийн төлбөр нийт санхүүжилтийн 20-30 хувиас хэтрээгүй байна (5).  

Хуучин социалист гэгдэж байсан орнуудын эрүүл мэндийн санхүүжилтэнд хувийн төлбөр зонхилох хандлага 1990-д оны эхэнд тохиосон шилжилтийн үеийн он жилүүдээс эхтэй байдаг. Тухайн үеийн шилжилтийн эдийн засагтай орнуудад Дэлхийн банкнаас бүтцийн өөрчлөлт (structural adjustment) хийж боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт улсын санхүүжилтийг бууруулах, хувийн төлбөр нэвтрүүлэх, улсын өмчийг хувьчлах зэрэг зөвлөлгөө түгээмэл байсан болно (1).

Төлбөртэй тусламж ба эрүүл мэнд

Arslan.mnЭрүүл мэндийн санхүүжилтийн нэг төрөлд хувийн эх үүсвэр ордог. Энэ нь голдуу иргэдээс тусламж, үйлчилгээ авахдаа шууд хийж буй (out-of-pocket) төлбөр юм. Улсаас санхүүждэг үйлчилгээнд иргэд шууд төлбөр төлдөггүй ч төсвийн орлогын гол эх үүсвэр нь татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж учраас урьдчилсан төлбөрийн аргаар бүгд шууд бусаар санхүүжилтэнд оролцож байдаг. Эрүүл мэндийн албан журмын даатгал ч мөн адил. Дотроо улсын ба хувийн даатгал гээд тусдаа том сэдэв яригдана. Товчдоо үнэ, төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэж байдаггүй бөгөөд орлогын ямар эх үүсвэрээс ямар тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх гэдэг цэвэр бодлогын асуудал юм. Тэгэхээр хувь хүмүүсийн карманаас шууд хийдэг төлбөртэй бол зах зээлд орсныг харуулж эрүүл мэндийг үнэтэй болгож өртөг, зардлаар нь бодитой тооцож санхүүжүүлвэл  орлого нэмэгдэнэ гэх төсөөлөл ихээхэн өрөөсгөл болно. Эмчилгээний төлбөрийг гарсан зардал, ашиг бус санхүүгийн бусад эх үүсвэртэй уялдуулж иргэдийн орлого, аж амьжиргааны түвшинг харгалзаж эрүүл мэндийн бодлогоор тогтоодог. Яг одоо манайд анхаарч эхэлсэн гүйцэтгэлийн санхүүжилт бол гүйцэтгэсэн ажлын өртөг, зардал биш харин үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнтэй холбож хийх санхүүжилт юм. Мөн эрүүл мэндийг үнэтэй болговол иргэд эрүүл мэндэдээ анхаарч зан үйлээ өөрчилж, боловсрол, мэдлэгтэй болохыг нь дэмжсэн, эрүүл мэндэдээ анхаардаггүй бол “шийтгэж” ойлгуулдаг арга огтоос биш. Харин ч эсрэгээр тусламж, үйлчилгээнд төлбөр тогтоох нь тэдгээрийн тоо, хэмжээ, чанар, хэрэглэгээг зохицуулах, удирдах эдийн засгийн механизм болдог. Эрүүл мэндийн салбарт зарим үйлчилгээг төлбөртэй болгосноор эмч, эмнэлгийн байгууллагад эдийн засгийн сонирхол үүсч тухайн үйлчилгээг түлхүү үзүүлж эхэлдэг тул үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хэрэглэгчийн зүгээс хувийн төлбөр нь онцын шаардлагагүй үйлчилгээнд эрэлт үүсгэж ачаалал нэмэх, эмч, эмнэлгийн ажилтны үнэт цагийг үрэх, хэрэгцээтэй өвчтөнд хэрэглэх эмчилгээний материал, эм тариа, оношлуурын хангамжинд нөлөөлж хомсдол үүсгэх зэрэг сөрөг үзэгдлийг бууруулдаг сайн талтай. Хэрэв эмнэлэг хувийн төлбөрөөр ажилдаг автомат машин шиг болвол иргэд нь ядуу, төлбөрийн чадваргүй, эсвэл хүн ам эрүүлжих хэрээр төлбөр төлж үйлчлүүлэх хүний тоо буурахад эмнэлэг урсгал зардлаа дийлэхгүй дампуурлын ирмэг дээр маш амархан ирнэ. Иймээс улсын төсөв, даатгалын эх үүсвэртэй төлбөргүй, төлбөртэй тусламж нь эрүүл мэндийг зах зээлд орсон, ороогүйг харуулдаг үзүүлэлт биш харин нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чилэгдсэн бодлогын илрэл болно.

Эмчийн цалин, амьдралын баталгаа

Манай улсад нэг хэсэг сайн засаглал (good governance) гэдэг нэр томьёо ихэд дэлгэрч төсөл хүртэл хэрэгжиж байв. Сайн засаглалтай оронд хүн бүр өөрийн сурсан болоод чаддаг юмаа хийсэн шиг хийдэг, түүнийгээ цааш улам төгөлдөржүүлж сайжруулах сонирхол, хөшүүрэг байдаг учраас тэд өөрсдийгөө үргэлж дайчлан ажиллаж энэ хэрээр хийж буй ажил нь утга учиртай, үр шимийг хүртэж байгаа хүмүүс сэтгэл ханамж өндөр байдаг. Энэ нь бүх салбар, ажил, мэргэжилд хамаатай учраас улс орны хөгжил, нийгмийн харилцааны гол үндэс суурь болдог. Жишээ нь эмчийн цалин амьдралд хүрэлцээтэй, ажлын болоод  амьдралын баталгаа болж чадаж байгаа нөхцөлд эмч мэргэжлийн ажлаа улам сайн хийх, мэдлэг, мэргэшлээ ахиулах, дэлхийн түвшний чанар, үйлчилгээ рүү тэмүүлж суралцахад үнэт цагаа зориулна. Эсрэг тохиолдолд түүний учир шалтгааныг олохоор үндсэн ажлын зэрэгцээ өөр янз бүрийн асуудалд оюун, ухаанаа зарж, жишээ нь эрүүл мэндийн салбар социализмдаа байгаа учраас бид зах зээлд бүрэн орох хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу төсөөлөл, итгэл, үнэмшил, бухимдал өөртөө үүсгэж ярих, шүүмжлэх, засахыг оролдож, оролцож болно. Ингэж мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн асуудлыг төсөөлөн ярьж, бодлого арга хэмжээнд нөлөөлөх нь сайн засаглалын үр дүн биш юм. Сайн засаглалтай газар эмч болон бусад мэргэжлийн хүмүүс үндсэн ажлаа сайн хийж хангалттай цалин авах боломж, баталгаатай байх учиртай. Хийж байгаа ажилдаа тохирсон цалин, мөнгө нь амьдралд хүрэлцээтэй, сайн ажиллах, хөгжиж дэвших хөшүүрэг, баталгаа болж байвал мэргэжлийн эмчид авч байгаа цалингийн эх үүсвэр нь хаанаас гэдэг тийм чухал биш юм. Яагаад гэвэл энэ цэвэр эрүүл мэндийн бодлого, тогтолцоонд хамаатай, зөв шийдэж байж үр дүнд хүрдэг асуудал юм. Бодит амьдрал дээр эмч мэргэжлийг хүмүүс бизнесс хийж мөнгөтэй, баян тансаг амьдрах гэж сонгодоггүй. Мэргэжлээ мөнгө болголоо гэхэд орлогын гол эх үүсвэр нь өвчин эмгэг, өвдөж зовсон өвчтөн байдаг. Цалингаа голж хувиараа мөнгөтэй хүмүүст үйлчлэхээр шийдсэн эмч өвчтөн бүрийг мөнгө гэж харж төлбөрөө тултал нь шахаж авсаар Сингапур улсын тэргүүн баяны тоонд орсон ч гэнэт хүндээр өвдөж нас барахын өмнө хэрвээ бурхан надад дахин амьдрах боломж олговол би жирийн хүмүүст үйлчилж тэдний нүднээс цацрах баяр, баясгаланг харж мэдэрсэн жирийн эмчийн аз жаргалтай ажлаа хэзээ ч, юугаар ч солихгүй хэмээн бичиж үлдээжээ (6).

Манай улсад эмч, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг  нэмэх асуудлыг тогтолцооны орлого, зардалтай холбон авч үзэхээс эхэлнэ. Орлого талаас улсын нэгдсэн төсвөөс эрүүл мэндэд хуваарилах хувь, хэмжээ, эрүүл мэндийн даатгалын сангаас хийх төлбөрийг оновчтой болгож нэмэгдүүлэх үндсэн хоёр чиглэлээр яригдана. Зардал талаас түүний бүтэц, өсөлт, тэлэгдэж байгаа гол шалтгаан, зардлын үндсэн оролтуудыг хянаж үзэхээс эхэлнэ. Орлого хязгаартай, зардал нээлттэй, байнга өсч байхад эмчид хангалттай сайн цалин өгөх боломж хаалттай. Учир нь эмч, эмнэлэг, эмнэлгийн орны тоо хяналтгүй өсөх хэрээр зардал улам тэлэгдэж нэг эмчид өгөх цалинг 2-3 эмчид, нэг эмнэлгийг санхүүжилэх зардлаар 2-3 эмнэлэг санхүүжүүлнэ гэсэн үг. Зардал хяналтгүй өсч байгаа нэг шалтгаан нь эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын гадна үйл ажиллагаа явуулдаг боловсролын салбарт харьяатай анагаахын олон сургуулиар хяналтгүй олон эмч бэлдэж салбар руу оруулж байна. Мөн улсын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай давхардсан, хоорондоо төдийлөн уялдаагүй, тогтолцооны хүрээнд яригдаагүй, зөвшилцөөгүй баригдсан том эмнэлгүүдийг санхүүжүүлэх шаардлага, зардлын дарамт бүх эх үүсвэр дээр ирж байна. Хэрэв улсын, хувийн хэвшлийн эмнэлэг хоорондын уялдаа сул, тогтолцоо дотроо зөв байршаагүй бол зардлаар нь хөөж санхүүжүүлэх боломж ямар ч оронд байхгүй. Гурав илүүхэн сая хүнтэй оронд хэдэн эмч, хэдэн эмнэлэг, хэдэн ороор хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх, орлогоо хэрхэн бүрдүүлэх, нэмэх, зардлаа хэрхэн санхүүжүүлж хянах гэдэг манай эрүүл мэндийн салбар, тогтолцоо, үйл ажиллагааны гол цөм болох учиртай.        

Эрүүл мэндийн тогтолцоо

Arslan.mnЭрүүл мэндийн салбар гэдгийг бид ерөнхий нэр томьёогоор ашиглаж, ойлгож ирсэн бол өнөөдөр үүнийг дотор нь задалж ойлгох шаардлага байгааг өнгөрсөн оны 12 дугаар сард нийтэлсэн “Нийгмийн эрүүл мэнд ба эрүүл мэндийн тогтолцоо” өгүүлэлд дурдсан (7). Бодлогын түвшинд эрүүл мэндийг өвчин, эмгэг, эмч, эмнэлэг, эм, эмчилгээ гэж харах бус эрүүл мэндийн тогтолцоо (Health System)-ны хүрээнд ойлгож ярих шаардлага үүсээд байна. Тогтолцоонд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хөгжүүлэх, сайжруулах зорилго агуулан үйл ажиллагаа явуулж байгаа улсын, хувийн хэвшлийн бүх байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа эмч ажилтан, тэдний хэрэглэж буй эм, оношлуур, төхөөрөмж, гаргаж байгаа мэдээлэл, авч буй санхүүжилт, хэрэгжүүлж байгаа бодлого, удирдаж буй чадамж, манлайлал бүгд хамаарагдана. Энэ бүхэн хоорондоо холбогдож, нэг нэгнээ дэмжиж ажиллах хэрээр эрүүл мэндийн салбарын үндсэн зорилго болох хүн амын эрүүл мэндийг хамгаалан сайжруулах, эрэлт, хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгтэй үед нь үзүүлэх, өвчний оношлогоо, эмчилгээний зардлаас болж ядууралд орохоос иргэдээ хамгаалахад ахиц гарна. Үндсэн зорилгоо дагаад эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны гол үр дүн, шалгуур нь хүн амын эрүүл мэндэд гарч буй өөрчлөлт байхаас биш тухайн жилд шинээр барьсан эмнэлэг, хэвтсэн ор хоног, эмчийн хийсэн үзлэг, үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөр, орлого биш юм. Эдгээр нь үр дүнг тооцох, харуулах, дүгнэх, нөлөөлөх, ярилцах ач холбогдол бүхий туслах чанарын үзүүлэлтүүд болно. 

Төгсгөл

Эрүүл мэндийн салбарт хийх өөрчлөлт, шинэчлэл түүний үндсэн зорилго, нийгэм, эдийн засгийн харилцаанд эзлэх байр суурь, улс орны хөгжлийн зорилт, түүнд салбарын гүйцэтгэх үүрэг, тогтолцооны мөн чанар, үйл ажиллгагаа, үр дүнг хамтад нь цогц харсан, дүгнэсэн мэдлэг, мэдээлэл, судалгаа нотолгоон дээр суурилахын ач холбогдол маш их юм. Одоогоор манайд эрүүл мэндийн тогтолцооны талаар ойлголт сул, судалгаа, үнэлгээ, шинжилгээ голдуу урсгалаар, олон улсын байгууллага, гадаад, дотоод экспертүүдийн хийсэн судалгааны ажлууд бодлогын түвшинд яригдаж ажил хэрэг болох нь ховор, энэ хэрээр ихэнх шийдвэр мэдээлэл, нотолгоо багатай байна. Шинэ он дөнгөж гаргаад зохион байгуулсан төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал сэдвээр хийсэн хэлэлцүүлэгт оролцсон зарим хүмүүс салбарын өөрчлөлт, шинэчлэлийг зөвхөн өртөг, зардал тооцох ажлаар ойлгож, хязгаарлаж болохгүй, удирдлагын түвшинд уламжлалт сэтгэлгээг халж эмнэлгийн засаглал, эрүүл мэндийн тогтолцоо, удирдлага, эдийн засгийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэйг онцолжээ. Бид өнөө хэр салбар гэвэл эмнэлэг, санхүүжилт гэвэл даатгал, цалин, орлого гэвэл төлбөр, шинэчлэл гэвэл хувьчлал, засаглал гэвэл эмнэлгийн бие даасан байдал гэх мэт өнгөц харж вакуумжсан орчинд ярьдаг байгаа учраас тогтолцооны том үр дүнд гарах нь удаан байна. Иймд эрүүл мэндийн удирдлага, тогтолцоо, бодлогын асуудлаарх мэдээлэл, судалгааг нээлттэй болгож дэмжин өргөжүүлж хөгжүүлэх, чадваржуулах, хэрэглэх, ашиглах явдлыг бүх талаар дэмжих, үнэн зөв мэдээлэл, нотолгоонд суурилсан мэргэжлийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах, үүнд бодлого, шийдвэр гаргагчдыг өргөнөөр урьж оролцуулах, харилцан ярилцаж, нэгдсэн нэг ойлголттой болох замаар бодлогын шийдвэрт нөлөөлөх боломжийг өргөн ашиглах хэрэгтэй байна.

 

Ашигласан эх үүсвэрийн жагсаалт

1. Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын түүх. Хэвлэлийн Адмон компани, 2023 он. Улаанбаатар хот.

2.Д.Баярсайхан, 13A. Эрүүл мэнд ба эдийн засаг. 2023-10-30. https://www.arslan.mn/social/health/652290.shtml?fbclid=IwAR296FiGzlUfiIKVLkC2DEz96Zw941qWXvBNDBriOEsrLFNxGGUoamO-ZPc

https://www.arslan.mn/social/health/652290.shtml?fbclid=IwAR296FiGzlUfiIKVLkC2DEz96Zw941qWXvBNDBriOEsrLFNxGGUoamO-ZPc

3. Joseph Kutzin, Sophie Witter, Matthew Jowett, Dorjsuren Bayarsaikhan. Developing a national health financing strategy. A reference guide. WHO Health financing guidance. No 3. March 2017. http://www.who.int/health_financing/tools/developing-health-financing-strategy/en/

4. Д.Баярсайхан. “Баавгай болохсон” уран сайхны кино үзээд төрсөн сэтгэгдэл. Нүүр ном. 2024-01-14. https://t.co/ZmpH8oo2qG

5. Can people afford to pay for health care? Evidence on financial protection in 40 countries in Europe. WHO/EURO. 2023. https://www.who.int/europe/publications/i/item/WHO-EURO-2023-8969-48741-72485

6. Сингапур эмчийн өчил. 2017 оны 4 сарын 17-нд бичиж үлдээсэн бичвэр. Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын түүх ном. 167 дугаар тал, Хэвлэлийн Адмон компани. 2023 он. Улаанбаатар хот.

7. Д.Баярсайхан, Нийгмийн эрүүл мэнд ба эрүүл мэндийн тогтолцоо. 2023-12-13.

https://www.arslan.mn/social/health/653399.shtml?fbclid=IwAR0Y47HZybk-ZAwYKCR33CfxTHeapCVBAz3gdH80kxd_TmFi-6cVnE0HvtA

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654192
2 эможи

Иргэн
2024-11-16 23:59
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл юмдаа, даанч үүнийг сонирхох, ядаж дуустал нь унших хүн бараг байхгүй биздээ. Тэгэхээр хэрэгжүүлэх асуудал бол бүүр ярилтгүй. Ийм хүмүүсээр л уг нь салбарыг удирдуулмаар байх юмдаа
keyboard_arrow_up