Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2015 он гэхэд хорт хавдрыг бүрэн эмчлэх технологи нэвтэрнэ

2014 оны 4 сарын 09

Хортой болон хоргүй хавдраар өвчилсөн иргэдэд туяа эмчилгээ хийдэг. Туяа эмчилгээгээр хорт хавдрыг эмчлэх боломж бий тухай “Цацраг изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь” төслийн зохицуулагч, Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн их эмч  Я.Эрдэнэтуяатай ярилцлаа.

 

-Туяа эмчилгээний талаар тодорхой ойлголт өгнө үү? Эмчилгээний үр дүн хэр байдаг вэ?
-Туяа эмчилгээ нь хорт хавдрыг эмчилдэг эмчилгээний үндсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл цацраг идэвхт туяаг ашиглаад хорт хавдрыг эмчилнэ гэсэн үг. Хорт хавдартай хэсгийг эмчлэх, зайнаас эмчлэх, өвчтэй хэсгийн дотор тусгай багаж тоног төхөөрөмж байрлуулаад эмчлэх гэсэн олон хэлбэр байдаг.

-Туяагаар дэлхий нийтэд хорт хавдрыг хэдэн хувьтай эмчилж байна вэ?
-Хорт хавдраар өвчлөгсдийн 60-70 хувь нь ямар нэгэн байдлаар туяа эмчилгээнд ордог. Мэс заслаар хавдрыг нь авсаны дараа дахих эрсдэлээс урьдчилан сэргийлж хийдэг. Мөн ямар нэгэн мэс заслын эмчилгээний боломж байхгүй, ерөөсөө мэс засал эмчилгээ хийх шаардлагагүй хавдрын өвчлөлийг ч бүрэн төгс эмчилнэ гэдэг утгаар туяа эмчилгээ хийдэг. Нэгэнт хожуу үедээ орчихсон, газар авсан хавдрыг цус тогтоох, өвдөлт намдаах, бусад хүндрэлтэй байгаа шинж тэмдгүүдийг нь бууруулах зорилгоор хөнгөвчлөх зорилготой ч хийдэг юм.

-Үр дүнгийн тухайд?
-Маш өндөр үр дүнтэй. Хэдийгээр эмнэлзүйд мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар ихээр нөлөөлөх боловч техникийн дэвшил туяа эмчилгээнд маш чухал байр суурийг эзэлдэг. Сүүлийн үед бүр мэс засал хийсэн юм шиг 100 хувь эмчилдэг туяа эмчилгээний тоног төхөөрөмжүүд бий болсон. Бид 20 жилийн өмнө тухайн хавдрыг эмчлэхийн тулд зэргэлдээх эрхтнүүдээ ямар нэгэн хэмжээгээр гэмтээдэг байсан. Туяа эмчилгээнээс болж гэмтсэн эрхтэн ихэнх тохиолдолд эргэшгүй өөрчлөлтөд орж, амьдралын чанарт нь нөлөөлдөг байлаа. Гэтэл өнөөдөр технологи сайжрахын хэрээр хүндрэлтэй байдлууд ард хоцорч байна. Яг л мэс засал хийсэн юм шиг тухайн хавдар нь ор мөргүй алга болж байна. Ийм хүчин чадалтай аппаратыг 2015 онд манай улс эх орондоо суурилуулна.

-Тэгэхээр 2015 он гэхэд манай улс хорт хавдрыг цөмийн технологийн энхийн хэрэглээн дээр суурилж буюу мэс засалгүй аргаар эмчлэх боломжтой болно гэж ойлгож болох уу?

-Болно. Өнөөдрийн түвшинд хорт хавдрын эмчилгээнүүдийг гол төлөв гадагшаа явж эмчлүүлж байгаа. 2015 онд гэхэд эх орондоо эмчлэх боломж бүрдэнэ.

-Энэ чиглэлээр Олон улсын төсөлд оролцож байгаа гэсэн. Тэр талаараа тодруулаач? Төсөлд оролцсоноор ямар ач холбогдол гарах вэ?
-Хорт хавдраар өвчилсөн зэргэлдээх эрүүл эд эрхтнийг зуун хувь хамгаалахын тулд л энэ туяа эмчилгээний салбар шинэчлэл хийж өөрчлөгдөх шаардлагатай байгаа юм. Үүнтэй хөл нийлүүлэх зорилгоор бид Олон улсын энэ төсөлд оролцож байна. Энэ судалгаанд бид 2012 оноос оролцож эхэлсэн. Одоогийн байдлаар умайн хүзүүний хорт хавдар болон хөхний хавдрын чиглэлээр судалгаа хийж эхлээд байна. Эдгээр хавдар бол Mонгол Улсад зонхилон тохиолдож байгаа хавдрын тоонд ордог. Өөрөөр хэлбэл умайн хүзүүний хавдар бол элэгний хавдрын дараа ордог, тархалт ихтэй хавдар. Хөхний хорт хавдрын хувьд тохиолдлын тоо нь ихсээд байгаа тул энэ судалгаандаа зайлшгүй оруулж байгаа юм.

-Иргэд гол төлөв хорт хавдрын хожуу үедээ оношлуулж, эмчлүүлдэг. Харин энэ төслийн дүнд өвчлөлийг эрт үед нь оношлох боломж бүрдэх үү?
-Энэ судалгаа бол өвчлөлийг урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бүрэн эмчлэхэд зориулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл өвчлөлтэй хэсгийг бусад эрхтэндээ үсэрхийлээгүй байхад нь эмчлэх  зорилготой. Тэгэхээр энэ бол таны хэлдэгчлэн хавдрыг эрт үед нь илрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд манай нөхцөлд маш их хэрэгцээтэй төсөл болж байна.

-Дэлхийн түвшний судалгаанд оролцохын тулд бүхий л нөхцлөөр тэр түвшинд байх ёстой гэж ойлгож байна. Ийм үр дүнтэй төсөл дээр ажиллахад төр засгаас хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээл манай эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаатай холбогдуулан туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл ч мөн хамрахаар батлагдсан. Үүнтэй холбоотой туяа эмчилгээний гурван хэмжээст тулгуурласан программ ирэхээр болж байна. Мөн туяа эмчилгээнд шаардлагатай зарим багаж хэрэгсэл ирнэ. Үүний дараа судалгаа бүрэн хэрэгжих боломжтой. Цөмийн технологийн анагаах ухаанд хэрэглэж байгаа маш том жишээ бол туяа эмчилгээ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1267
0 эможи
keyboard_arrow_up