Н.Удвал сайд “Цусны донор болж амьдрал бэлэглэе” аянд нэгдлээ
ЭМЯ-наас 2014 оныг эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Дэлхийн цусны донорын өдрийг угтан “Цусны донор болж амьдрал бэлэглэе” гурван сарын аяныг ЦССҮТ-өөс зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны хамт олон төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж донорын эгнээг өргөжүүлэх зорилго бүхий тус аянд нэгдэж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сайн дурын үндсэн дээр цусаа бэлэглэлээ.
ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын 3 хувь нь цусаа тогтмол бэлэглэдэг бол улсынхаа цусны хэрэгцээг хангана гэж үздэг. Манай улсад энэ үзүүлэлт 0,8 хувьтай байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилд донорын тоо болон цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин өссөн ч төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хорт хавдар, төрөлхийн цусны эмгэгүүд болон бусад өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ мөн адил өссөөр байна. Тиймээс ЦССҮТ цусны донорын тоог нэмэгдүүлэн 1,5 хувь хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Цусаа бэлэглэж байгаа доноруудын 60 гаруй хувь нь оюутан залуус, 30 хувь нь байгууллага, аж ахуйн нэгжид ажиллагсад, 10 хувь нь цэргийн албан хаагчид эзэлж, харин төрийн албан хаагчдын оролцоо сул байдаг. Иймээс төрийн албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.