Нислэгийн үед өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэнэ
“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд “Нислэгийн үед өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх” онол болон дадлагын сургалт “Зүрхний шигдээс, тархины цус харвалт”-ын яаралтай тусламж, “Амилуулах суурь тусламж”-ийн сургалтуудыг алслагдсан 2 аймагт зохион байгуулах боллоо.
Үүний хүрээнд Ховд, Увс аймгийн эмч,сувилагч нарыг хамруулан нислэгийн үеийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зүрхний шигдээс, тархины цус харвалтын үеийн яаралтай тусламж, амилуулах суурь тусламжийн ур чадварыг эзэмшүүлэх, дээшлүүлэх зорилготойгоор сургалт үргэлжилж байна.
Тус сургалтын үеээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа сургалтанд оролцож буй төлөөлөгчид болон эмч сувилагч нарт хандан, Нислэгийн үеийн яаралтай тусламж үйлчилгээний талаарх эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, Зүрхний шигдээс, тархины цус харвалтын үеийн яаралтай тусламж үзүүлэх ур чадварыг сайжруулах, Амилуулах суурь тусламжийн сургагч багш бэлтгэх зорилт тавин ажиллаж байгааг онцлон хэллээ. Мөн багш нар нислэгийн яаралтай тусламж үйлчилгээний онолын лекцийг харилцан ярилцах, агаарын хөлөг онгоц дээр дадлага хийх, бодит нислэгт оролцох зэрэг хэлбэрүүдээр явуулна. Зүрхний шигдээс, тархины цус харвалтын үеийн яаралтай тусламж үзүүлэх ур чадварын сургалтыг онол, лекцээр өгч, тохиолдол дээр ажиллах хэлбэрээр явуулна.
Амилуулах суурь тусламжийн сургалтыг онол, лекцээр өгч, сургалтын хэрэглэгдэхүүн, анхны тусламжийн эмнэлгийн хэрэгсэл, материал, муляж ашиглах, тохиолдол дээр ажиллах зэрэг хэлбэрүүдээр явуулах учир эмч, сувилагч нар маань анхааралтай сайн суралцаж дадлага туршлага болгон авч ажил мэргэжилдээ хэргэжүүлэх хэрэгтэйг санууллаа.