Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей хаалтаа хийлээ
Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нийгмийн эрүүл мэндийн маш олон асуудлыг хэлэлцэж, 20 гаруй тогтоолыг баталснаар 05 дугаар сарын 24-ний Бямба гарагт өндөрлөж, хаалтаа хийлээ. Бямба гарагт 2015 оноос хойших дэлхийн хөгжлийн зорилтууд, олон улсын эрүүл мэндийн дүрэм, нянгийн тэсвэржилт, хүчирхийлэл зэрэг асуудлаар боловсруулсан баримт бичгүүдийг хэлэлцэв. Эл асуудлуудаар Монгол Улс дараах байр суурийг илэрхийлэв.
2015 оноос хойших дэлхийн хөгжлийн зорилтод эрүүл мэндийг, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх асуудлыг тусгуулан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 67 дугаар чуулганы 81 дүгээр тогтоолыг батлуулсан явдалд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт талархал илэрхийлэв. Түүнчлэн тэргүүлэх ХБӨ-үүдийг бууруулах зорилтуудыг багтаасныг сайшааж, вируст гепатитын халдварыг бууруулах үзүүлэлтүүдийг 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудад оруулах ёстой гэсэн Дэлхийн гепатитын холбооны байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Учир нь жил бүр ХДХВ/ДОХ, хумхаа, сүрьеэ зэрэг өвчний улмаас нас барж байгаа хүмүүстэй тэнцэх тооны хүмүүс вируст гепатитын улмаас нас барж байгаа нь энэ халдварыг бууруулах асуудлыг дэлхийн хөгжлийн зорилтод оруулах хангалттай үндэслэл болох талаар цохон тэмдэглэв.
Түүнчлэн энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нэгдсэн хуралдааны ерөнхий хэлэлцүүлэгийн сэдэв болох уурь амьсгалын өөрчлөлт - эрүүл мэндийн асуудлаар Монгол Улсын байр суурийг дахин илэрхийлэв. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт байгаль орчинд нөлөөлөөд зогсохгүй, нүүдэлчин монголчуудын аж амьдралд ноцтойгоор нөлөөлж байгаа талаар тэмдэглэлээ. Ялангуяа хүний эрүүл амьдралыг тэтгэгч амин чухал хэрэгцээ болох ундны усны хомсдолын харанга дэлдэж байгаа талаар тогтож ярив. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас монгол орны гурван гол горхи тутмын нэг нь хатаж, нийт 21 аймгийн 1/3 нь олон улсын тогтоосон хэм хэмжээгээр усны бүрэн хомсдолын түвшинд хүрээд байгааг онцолж, үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ жилийн Давосын Эдийн засгийн чуулганд оролцох үеэр 2015 оноос хойших дэлхийн хөгжлийн зорилтод ундын усны аюулгүй байдлыг хангах асуудлыг дангаар нь оруулах санал дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дахин илэрхийлэв.
Эцэст нь олон улсын харилцаан дахь улс бус оролцогчидтой ДЭМБ хэрхэн хамтарч ажиллах тухай баримт бичгийг хэлэлцэв. Уг асуудлыг гишүүн улсууд дахин сайтар судлаж, энэ оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Нарийн бичгийн дарга нарын газарт өөрсдийн саналыг хүргүүлэхээр тогтов. Улмаар Нарийн бичгийн дарга нарын газар гишүүн улсуудаас ирүүлсэн саналуудыг тусган нэгтгэж, Бүсийн хороодын чуулганаар хэлэлцүүлж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулсны дараагаар ирэх жилийн Ассамблейгаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.