Сайн үйлсийн аяны хүрээнд гемодиализын аппараттай боллоо
Монгол улсад банкны тогтолцоо үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Төрийн банкны ажилтнуудын сайн дурын санаачлагаар “Нийгмийн хариуцлагын сан” байгуулах, ажилтан бүр 9090₮ /Есөн мянга ерөн төгрөг/-ийн хувь нэмэр оруулах “9090 сайн үйлсийн аян” –ыг зохион байгуулж, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт Гемодиализын аппарат худалдан авч, өгчээ.
Дээрх гемодиализын аппарат нь сүүлийн үеийн, давхар эмчилгээний аппарат бөгөөд Монголд хоёрхон буюу Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус суурилагдсан байсан. Харин Төрийн банкнаас УНТЭ-т бэлэглэснээр ийм гурван аппараттай болж байна. Уг аппаратад хоногт 2 хүн эмчилгээнд ороход жилдээ дунджаар 500 гаруй сеанс гемодиализ эмчилгээ хийх боломжтой.
Хэлж биш хийсч ирдэг аливаа өвчин тусвал төгс, найдвартай эмчлэх, цаг алдалгүй оношлуулах, эмнэлгийн тусламжийг авах, өндөр технологийг хүртэж гэмээ нь Эрүүл сайхан амьдрах, элэг бүтэн байх үндэс болдог.
Эмнэлгийн тусламж нэг талаас шилдэг эмч мэргэжилтэн, нөгөө талаас өндөр техник технологийг цогцлоосон барилга, байгууламж, олон арван хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бүтдэг. Манай эмч нар сүүлийн жилүүдэд гадаадад эмчлүүлж чадахгүй байгаа олон арван өвчнийг өөрийн орондоо нутагшуулах болсон нь онцгой гавьяа ч гадаад орон руу урсах олны хөл өнөөдөр ч тасрахгүй байна.
УНТЭ-ийн эмч нар эрхтэн шилжүүлэн суулгалт, дурангийн хагалгаа гээд олон шинэ технологиудыг нутагшуулсан амжилт, жилдээ 300 гаруй эмч мэргэжилтэндээ гадаад орнуудад сурган чадваржуулсан ололт, олон жилийн дэг сургуульдаа суурилан ард түмний эрэлт, хэрэгцээг хангах бүрэн бололцоотой ч эмнэлгийн байрны нөхцөл нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй хүндрэлтэй байдал үүсдэг нь тулгамдсан асуудал болдог. УНТЭ-ийн хамт олон “Эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн эмнэлгийн стандартыг хэрэгжүүлэх” хөтөлбөрийг дэвшүүлэн ЭМНЭЛЭГ ШИГ ЭМНЭЛГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ гэсэн уриалга гарган ажиллаж байгаа ба үүнийг Төрийн Банкны хамт олон ийнхүү дэмжээд байна.
Сайн үйлийн аяны хүрээнд гемодиализын аппарат гардуулан өгөх үйл ажиллагаанд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д. Батсайхан, Тэргүүн орлогч захирал Б. Ганболд, Орлогч захирал Т. Дорждэрэм, УНТЭ-ийн ерөний захирал Б. Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д. Чулуунбаатар бусад албаны төлөөлөгч нар оролцож тууз хайчиллаа.